Tuesday, April 9, 2013

Амьдралын утга учир, мөн чанарын тухай

Би бол байгаль сансрын амьд хэсэг, дурсагдахуун дуулиан хоёрын эзэн, дуу нулимс хоёрын тоо өнгөрсөн ирээдүйн зааг өнөөдөр маргаашийг холбогч бурхан юм. Миний амьдрал өнгөрсөн одоо ирээдүйд зөвхөн минийх байх, дахин давтагдашгүй болоод эгэл, мөч хором бүр үнэ цэнэтэй мөнхөд Арга билигээр овоглох тэр л зүйл. Амьдрал гэдэг алдхан хугацаатай хүний амьдрал ч хөнгөн гунигтай. Зарим нь төрж байхад зарим нь үхэж л байдаг, нэг хэсэг нь уйлж байхад нөгөө хэсэг нь инээж л байдаг. Амьдрал аливаа зүйлийн хоёр туйл байдаг. Амьдарна гэдэг аз жаргалтай салшгүй холбоотой. Хэн нэгэнд аз жаргал бэлэглэж хэн нэгнээс хайр энхрийлэл хүснэ, бас хэн нэгний уй гашууг хуваалцаж бас л хэн нэгэнд өөрийн гунигаа уудлана. Амьдарна гэдэг хараатаас хараат байхыг хэлнэ. Хараат бус хүн байх аваас түүний амьдрал там болно. Эсрэгээрээ гэгээрч болох. Хүмүүний амьдралын гол утга учир энд л байдаг болов уу. Би тэр замаас нэг их хол зөрсөнгүй. Амьдрал надад өгөх ёстой бүх зүйлээ өгч, байгаа бүхнээ харамгүй зориулсан. Харин би тэр бэлгийг хэрхэн зөвөөр хүлээж авах вэ? Амьдралын мөн чанар минь юу юм бэ? "Амьдрал гэдэг хэний ч хийж дуусахгүй зүйл" гэж О. Бальзак хэлжээ. Дуусахгүй зүйлийг харин яагаад эхэлдэг гэж.....
Амьдралын хамгийн сайхан зүйл нь амьдрал өөрөө юм. Аливаа зүйлийн хоёр тал байдгийн хувьд амьдрал агуу энэ л түүнийг агуу болгож байна. Сайн муу, баяр гуниг, сайхан муухай, номхон дээрэнгүй... Харин үргэлж баяр хөөртэй сайн сайхан амьдарвал ямар бол? Тийм амьдрал сайн байж чадах болов уу? Гэвч энэ нь ямар ч байх боломжгүй зүйл билээ. Муу хүмүүс гэж байдаг болоод л та тэднээс сайн хүмүүсийг ялгаж хардаг. Сайнгүй муу,муугүй сайн гэж үгүй. Гуниг цөхрөлд автаж байсан хүн л жинхэн баяр хөөрийг мэдэрч чадна. Хорвоогийн хоног өдрүүд баяр хөөр ээлжлэн байж л жинхэн амьдрал болно. Өөрөөр хэлбэл баяр хөөрийг мэдрүүлэхийн тулд л гуниг цөхрөл оршиж байгаа юм. Биднийг сайн хүмүүстэй нийлүүлэх гэж муу хүмүүс байдаг юм. Тийм болохоор л амьдралаас авсан бүхэн хамгийн агуу зүйл. Цаашлаад амьдрал тэр чигээрээ л энэ хорвоогийн хамгийн агуу зүйл гэж би ойлгодог. Тодруулбал зовлон бэрхшээл энэ амьдралыг хамгийн утгатай болгодог. Бас үнэ цэнэтэй. Зовлонгийн цаад мөн чанарыг   таньж мэдвэл та бид амьдралд илүү гэгээлгээр хандах билээ. Зарим хүн шантардаг, зарим хүн бол гүрийдэг. Гүрийсэн хүн амьдралыг илүү ойлгож алсын хараа ноён нуруу алсдаа тогтоно. Арга билиг миний амьдрал ийм л урсгалтай. Энэ мөн чанарыг ойлгосон болохоор би амьдралд илүү тайван хандаад сурчихсан биз. Ш. Руставелийн нэг гоё үг бий "Амьдралын чинжүү мэт гашууныг амсаагүй бол чихэр мэт амтыг мэдэхгүй" гэж. 
Хэрэв хүн үхдэггүй байсан бол яах байсан бэ? Гоё уу? Үхэл гэж зүйл байдаг болохоор л бидний амьдрал гэж нэрлэсэн оршихуй байгаад байдаг. Хүн хэзээ үхэхээ мэддэггүй учраас амьдралын төлөө ингэж их мэрийдэг. Мөнхйн амьдрал бол мөнхийн там юм. Харин энэ миний хэлсэн үг. Энэ бүгдийг ойлгоход 22 жил хангалттай байж, гэхдээ одоогийн байдлаар. Үхэл гэж зүйл байдаг болохоор л бидний амьдрал ийм утга учиртай байдаг гэж би ойлгодог. Эрт орой хэзээ нэгэн цагт үхэл ирнэ. Тэрнээс өмнө амьдрал үзэж, амьдралд шунаж, үр удмаа үлдээж хийе гэснээ бүгдийг амжуулахыг оролдоно. Гэхдээ л амьдрал хэний ч хийж дуусашгүй зүйл. Энэ үнэн. Намайг мөнх амьдар, эсвэл яг одоо үх гэвэл би шууд үхнэ. Би 22 настай энэ хүртэл амьдралын өөрийн нүдээр таньж мэдэрсэн. Миний л мэдэх тэр л эгэл амьдралын үнэ цэнийг би хадгалж үлдэнэ. Төрөх нь үнэн, үхэх нь үнэн гэдэг үгийн хамгийн наад утга энд л байна. Тэгээд л би гэдэг хүн үхэлд бас хүлээцтэй хандаад сурчихсан байна. Тэгэхээр бидний амьдралын мөн чанар бол үхэл гэж би хувьдаа тодорхойлж байна. Үхэл гэж байдаггүй бол энэ амьдрал ямар ч үнэ цэнэгүй байх билээ. Үхлийн мөн чанарыг ойлгоод ирвэл амьдралын утга учир тодроод ирнэ. Хэд хэдэн удаа үхэлтэй нүүр тулж явахдаа мэдэрсэн зүйл энэ юм шиг. Хэрэв бурхан бидэнд амьдрал өгсөн бол хамтад нь хамгийн том бэлэг болох үхэл гээчийг илгээжээ. Юм бүхэнд хэмжээ хязгаар гэж бий. Амьралд ч бас....
 Одоогоос хэдэн жилийн өмнө Жеймс Камеруны "Аватар" киног үзсэн юм. Энэ киног үзэж дуусаад амьдралаас олж харахгүй байгаа зүйлээ аватараас асуу, хариулт нь чиний зүрхэнд бий гээд биччихэж билээ. Хорвоо ертөнцөд байж болох бүхий л хайр... Хэн нэгнийг хайрлаж хүндлэнэ гэдэг энэ ертөнцийн хамгийн нандин зүйл. Мөнөөх л амьдралын утга учирын тухай, амьдралын утга учир нь хайр юм. Би бол ээж аавынхаа хайрын илэрхийлэл. Нийгэм дэх гэрбүл садан, хүн ёсны дамжих холбоогоор бол 2 өвөө, 2 эмээ маань аав ээж хоёрыг минь төрүүлж өсгөсөн, харин аав ээж хоёр маань биднйг өдий зэрэгтэй болгосон. Хэзээ нэгэн цагт хэн нэгнийг, эсвэл хоёр дүүгээ, үр хүүхдээ хооллож хувцаслаж сургаж хүний зэрэгт хүргэх нь гарцаагүй. Амьдралын энэ л тойрог уянгын болоод гайхамшигтай. Нар мандах шиг л гайхамшиг юм даа. Хайраас ургасан цэцэг хайраар дэлбээлнэ... Хүн болж орчлонгийн тоос шороог хөдөлгөж байгаагийн бас нэгэн учиг үр удмаа үлдээх байдаг юм шиг...
Миний амьдралын тухай бяцхан
Эх дэлхийд ирэгч бусад бүхий л хүмүүсийн адилаар би суут сэтгэгч Сократын тодорхойлсноор мөнхийн санаа мөн чанарын объектив ахуйд харьяалагдах амьтан. Хүмүүжил сургалтын үр дүн болон төлөвшиж яваа "шинэ" хүн гэж өөрийгөө тодорхойлогч. Энэ монголын ирээдүйг бичилцэх азтай хүн гэж бардамнагч. Хөх толбот Монгол хэмээн бахархагч. Эмээ ээжийн хайртай хүү, эрдэм номд шамдагч... БИ Төв ази Гурван Голын бэлчир, Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Орхоны хөндийгөөр төвлөрөн нутаглагч, Хүннү, Сүннү, Нирун, Хөх Монголын "одоо ба ирээдүй" цаг. Модунь, Аттила, Чингис Хааныг шүтэгч, Монгол орны XXl зууны нүүр царай болно гэж бардамнагч. 
                     Хүний амьдрал бол зовлон-Гуатама Сиддхарта

Алдхан биеийн ухаан нэгэн үдэш цэцэглэв
Амьдралыг харах өнгө түмэн зүйлээр солонгоров
Ахиад олдохгүйн учир төрсөн биедээ андгайлав
Амь нас Арга билигээ зүрхэн тушаа тамгалав