Monday, January 30, 2017

Үхэл амьдралын зааг

Цагийн зүү надаас зугтах мэт хурдан цохилно
Цагаахан үүлс надаас нуугдах шиг алслан нүүнэ
Өнгөрсөнд алдсан бүхэн өнөөдөр надаар тохуурхана
Ирээдүй намайг дооглож өнөөдөртэй хамт үлдээнэ
Эргэн тойрон чимээ аниргүй үхэл мэт дүнсийнэ
Этгээд гаж бодол тархинд биш зүрхэнд тэнүүчлэнэ
Бүүдгэр өдрийн сүрийг нэмж бүрхэг тэнгэр үүрэглэнэ
Бүтэн өдөр үхлийг дуудаж орон дотроо хөрвөөнө
Эмнэлэгийн орон дээрээс тааз хүртэлх зайд нүд бэлчиж
Эрээвэр хураавар өнгөрсөн дурсамж болон тархинд тэнэнэ
Гадаа хаврын салхины тоос хаврын шиврээ бороонд дарагдахад
Гагцхүү энэ хорвоод миний мэтгэл булингартай мэт санагдана
Гадаа хаврын урь орсон ч дотор нь цасаар шуурна
Гартаа барьсан тамхины утаа өөрөөс нь үргэж замхрана
Он жилийн уртаас өөрөө өөрийгөө хайна
Огт танихгүй хүн харсан мэт толинд харахаар цочино
Үхэл хаалгыг тогшиж үүдээр сэмхэн мөлхөнө
Үхлийг ирэхээс урьтаж өөрийн авсыг бэлдэнэ
Нөгөөдрөөс ирсэн захидал эзэндээ очилгүй шатна
Нөхөөсгүй болсон амьдрал хагарсан шаар мэт ниснэ
Өөрийн бэлдсэн авсанд сүүлчийн удаа жаргалтай хэвтэхдээ
Үхлийг хажуугаараа хэвт гэсэн шиг бяцхан зай үлдээнэ
Цаг зогсож, салхи намдаж, үүлс агаарт царцах шиг
Цаг бусын үхэл хүүрэн дээр нь бүжиглэнэ
Төгсгөл шиг эхлэл тэгэхэд дөнгөж төрсөн хүүхэд шиг
Өлссөн сүнс биеээс өндийж өөр эзнийг хайна
Мөнөөхөн бодол сүнс цогцос хоёрын дунд барьц алдаж
Сүг сүүдэр мэт оргүй хоосонд замхран одно
Орчлон ертөнцийн хаа нэгтээ ухаангүй дүнсийнэ
Огт байгаагүй юм шиг сүүдэр ч үгүй бүртийнэ
Биегүй, сүнсгүй, ухаангүй ухамсар аялана
Төрсөн бие нь харин өт хорхойн хоол болно
Төөрсөн сүнс нь бусдыг ховсдож мөнхийн ад зэтгэр болно
Төлөөс болж оюун ухаан мянган жил унтана....
Нүдээ нээх шиг нүцгэн үнэн оюун бодлыг сэрээхүйд
Нүгэлт орчлонгийн байр байдал цаанаа л нэг сэжигтэй
Наргүй бас саргүй, тэнгэр үгүй газар ч үгүй, юу ч үгүй
Тэр чигээрээ оргүй хоосон өөрөөс нь өөр юу ч үгүй
Тийм гэхийн аргагүй хүйтэн харанхуй ертөнцөд
Тэр ганцаар эзэн сууж бурхан болж тоглоно
Оргүй хоосноос чөтгөр гэгчийг бүтээж өөрийн найз болгоно
Мөргүй үлдсэн өнгөрсөн амьдралаа өнөөдөрт авчирч
Хөөс ч үгүй замхарсан орчлон дэлхийг бүтээнэ
Сая сая булшнаас үхдэлүүд сэрж, жүжигт тоглож
Сайхан дүрийг булаалдан бие биенээ дахин хөнөөнө
Сайн дүр бүтээсэн нь там хэмээх диваажин руу явна
Муу дүр авсан нь диваажин хэмээх там руу тонилно
Үхлийн дараах амьдрал үргэлжилсээр
Үүрэглэх чөлөө олголгүй буцалсаар
Миний бодолд үхэл амьдрах шиг зураг
Түүний бодолд бид амьдрах шиг үнэн
Там диваажин дээшээ доошоо ямар ч хамаагүй
Завсрын энэ ертөнцийг "хорвоо" гэж нэрлэжээ
Анх амь үүссэн шиг ухамсар энд унтарч
Авс гэж үгүй болж хорвоо тэр чигтээ авс болов....
Амьдрал үхэл шиг санагдах цаг үе ирж
Азаа үзсэн зарим нь амьдрал хэмээх үхэл өөд
Арван ертөнц дамжин мөлхөнө, арайхийж очно
Амьдрал үхэл шиг чимээгүй ирнэ
Амсах төдийд ухаан балартаж
Өнгөрсөн дурсамж аниргүй арчигдана
Магадгүй би ингэж төрж, тэгж төгссөн
Маргаангүй үнэн гэвэл би одоо амьд явна
Үхлийн сурах бичиг үзэглэх дуртай
Үйлийн үрийг бясалгах хүсэлтэй
Үхсэн ч амьдарсан болохоор харамсахгүй
Амьдарсан ч үхэхийн учир бардахгүй
Би амьдарч явна. Эхлэл төгсгөл аль нь болохыг хэн мэдлээ.....
2014 оны 4-р сарын 6-10 М. Баасанжаргал
Хилийн цэргийн 0151-р анги. Хүн эмнэлэгт