Sunday, January 5, 2020

Тахлын үеийн дурлал номын тэмдэглэл

#ЭНЭ_БОЛ_УРАН_ЗОХИОЛ
Зуун жилийн ганцаардлын дараах тахлын үеийн дурлал.
Монсудар хэвлэлийн газарын эрхлэн гаргасан "Тахлын үеийн дурлал" номын талаар сэтгэгдлээ хуваалцая.
Манай зохиолч С.Эрдэнийн "Хойд насандаа учирна", Д.Төрбатын "Могойн чуулган" зохиолуудтай адилхан нэг тийм хоосон мэдрэмж өгдөг зохиол санагдсан. Нэг үгээр #тасарцан зохиол байна лээ. Унаган багын бүтэлгүй хайр өтөл насанд ч хэвээрээ байгаа талаар зохиол эхэлж мөн түүгээр дуусдаг. Флоринта Ариза хэмээх романтик залуугийн хайр дурлал, хувийн амьдрал мөн бэлгийн амьдралаар тухайн нийгмийг харуулдаг. Нэг хүний амьдралд хэдэн амраг байж болохыг, тэр нь эгэл жирийн байж болох нөхцөл юм шиг ойлгогдоно. Флоринто Ариза амьдралынхаа туршид 600 гаруй бүсгүйчүүдтэй янаг амрагийн харилцаанд орсон байдаг. Тэр бүгдийнх нь талаар тэмдэглэл хөтөлж тэднээс авдаг мэдрэмжүүдээ тэмдэглэн авна. Гэрбүлтэй, бэлэвсэн, хөгшин, залуу, өөрийн ажилтан, танихгүй бүсгүй, янхан, садан төрлийн зэрэг олон бүсгүйчүүдтэй учрах ч сэтгэлийн гүнд нь унаган багийн хайр нь байсаар л байдаг. 50 гаруй жилийн турш иймэрхүү амьдралаар амьдрахдаа хүчиндүүлж ч үзнэ, эмэгтэй хүнд. 70 настай Ариза өвгөн хамаатныхаа 14 настай охинтой бэлгийн харилцаанд орж байгаа талаар мөн өгүүлэгдэнэ. Лолитаг энэ үед уншсан үгүйг мэдэхгүй юм. Лолита дээр гардаг дүр зураг нэг хэсэгтээ гарна. Охин ухаан мэдрэлгүй өвгөнд дурлаж байгаа хэсэг өвгөн ажлын өдрүүдэд нарийн бичигтэйгээ, орой нь ээлжит амрагуудтай уулзаад амралтын өдөр хамаатныхаа охинтой жаргаж байгаа талаар нүдэнд харагдтал дүрслэнэ. Энэ бүх эрээ цээргүй харилцаан дунд зохиолын гол дүрийг "гол дүр" болгох ганц зүйл нь мөнөөх л хайр, түүний талаарх мэдрэмжүүд байна. Аризагийн дурлалт бүсгүй нь эмгэн болсон хойно түүний нөхөр нь харамсалтайгаар амиа алддаг. Зохиолын шигтгээ нь нөхрийнх оршуулах ёслол дээр манай гол дүр Ариза мөнөөх эмгэндээ дахин хайр сэтгэлээ илчилж байгаа дүр зураг. Согтуу юм шиг л зохиол доо. Байж боломгүй мэт үйлдлүүд байвч тэр нь угаасаа бидний араншин гэдгийг ойлгуулах мэт. Мөнөөх нас бардаг Урбино эмч зохиолын бас нэгэн гол дүр. Аризагийн хайрыг булааж, дурлалт эмэгтэйг нь авч суугаад 2 ч хүүхэдтэй болно. Хотын хамгийн сурвалжит нэр хүнд бүхий гэрбүлийн эзэн ч аанай л эхнэрээ зарц бүсгүйтэй араар нь тавьна. Нэг бодлоор үнэхээр эрээ цээргүй зохиол ч уншиж байх явцад тэгж санагдах нь үгүй. Уншсаны дараа бүр дотно мэдрэмж өгнө гээд боддоо. Г.Г.Маркес зохиолчийн зуун жилийн ганцаардал дээрх садан төрлийн бэлгийн харилцаа эмгэнэлтэйгээр дуусдаг шиг "Тахлын үеийн дурлал" дээр өвгөн садангийн охин хоёрын харилцаа бас л эмгэнэлтэй дуусна. Зохиолын төгсгөлд насан туршийн хайртайгаа өвгөнийг аялалд явсан хойгуур охин түүнд хайртаагаасаа болж амиа хорлосон байдаг. Бас л нөгөө хоосон мэдрэмж өгдөг хэсэг нь... Эцэст нь энэ бүх хайрын эзэн Фермина Даза гэгч чухам хэн байв аа гэдэг асуулт. Энгийн л эмэгтэй. Гэрбүлийн гарал үүсэл нь тодорхойгүй.. Нөхрийгөө нас барсны дараа Флоринта Аризагийн сэтгэлийг хүлээж авах ч Аризатай учрахын тулд төрсөн охиноо гэртээ орохыг нь үүрд хориглож, тэрэндээ өөрийгөө зөвтгөдөг. Аав нь нас бараад жил удаагүй тул, мөн өөрийнх нь нас дээр гарсныг бодолцон, гэрбүлийн нэр хүндээ хадгалж тэрхүү өвгөнтэй охин нь уулзахыг эсэргүүцдэг ч хайрын эзэн маань ээжийнхээ булшны ясаар тангараглаж охиноо гэрээсээ хөөдөг. Энэ нь уншигчдад зөв үйлдэл юм шиг ойлгогдоно. Мөнөөх л хайраас болж шүү дээ. Ийм галзуу зохиолыг уншсан байхад гэмгүй. Таныг нас барсан хойно дэлхийн иргэн гэдгийг чинь батлах нэрийн хуудас ч байж мэднэ...
Шейр хийгээд өгөөрэй. Өөр ч тайван дөө, уншаад л байж байна.

No comments:

Post a Comment