Thursday, April 25, 2013

Ухаалаг тэмдэглэл

Анхандаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг байлаа. Тэр өдрийн бүх зүйлээ л бичнэ, үйл явдал, сэтгэл хөдлөл, үр дүн гээд л бичээд байна. Өдөр болгон адилгүй, зарим өдрийн аймшигийг дахин амьдруулан дэвтэртээ буулгана. Бичээд л байна бичээд л байна. Зарим өдөр дэвтэртээ уураа гаргахгүй бол нойр хүрэхгүй. Хааяа өмнөх дурсамжаа уншиж байтал гуниг сэргэнэ, үйл явдлыг төсөөлнө. Уур ч хүрнэ. Оюутан болоод өдрийн тэмдэглэлээ шатаасан юм. Сүүлийн удаа уншихад би ямарваа нэгэн хүнд гомдох, уурлах үедээ маш их зүйл бичдэг байсан байгаа юм. Түүний оронд би байсан бол ингэхгүй байлаа гэх мэтээр. Харин аз жаргалтай агшин их цөөн байлаа. Нэг зүйл бичдэг байж байгаад болихоор мэдээж нөгөө орон зай нь үгүйлэгдэнэ. Тэгээд ямар ч байсан нэг дэвтэр нээсэн. Надад их гоё санаа орж ирсэн юм, одоо бодоход. Би хүнээс баярлалаа гэдэг үг сонсох бүртээ тэр тухай тэмдэглэлийн дэвтэртээ бичдэг болсон. Яг яагаад тэр хүн баярлалаа гэж хэлсэн, би юу хийсэн зэргээ бичнэ дээ. Их зугаатай байлаа... Энэ тэмдэглэл надад өөрчлөлт авчирсан, учир юу гэвэл би баярлалаа гэдэг үг сонсох гэж хүнд тустай зүйл хийдэг болсон юм. Анхандаа үйл хөдлөл өөрчлөгдөж аажимдаа үзэл бодол өөрчлөгдөж байсан байх. Ер нь л үзэл бодол арай аймар өөрчлөгдөж байсан. Энэ хүнд туслах ёстой, энэ хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд би юу хийх вэ? Мэдээж хүнийг уншдаг болж байлаа. Ингэвэл энэ хүнд таалагдана даа гэдгийг бараг зөнгөөрөө мэдэрч эхэлсэн. Мэдээж охидуудад үс чинь сайхан харагдаж байна, өнөөдөр чи гоё хувцаслажээ гэх мэтээр хэлэхэд хариулт нь баярлалаа байдаг. Хичээлдээ явж байхдаа гарц дээр ахмад настай хүн байвал түшээд гаргаж өгөхийг эрмэлзэнэ. Ахмад хүмүүс баярлалаа гэдэг үгийг харамгүй хэлнэ. Миний тэмдэглэлийн дэвтэр зузаарсаар. Хүнд тусална, хичээлийг нь хийж өгнө, зарим үед хоолонд даана... Баярлалаа-гийн араас хөөсөөр байгаад энэ үгийн үнэ цэнийг алдагдуулж байгаагаа мэдэрсээр байсан. Зарим үед бялдууч ч гэмээр үйлдэл гаргаж байгаадаа өөрөөсөө ичиж эхэлсэн. Энэ тэмдэглэл надад их зүйл өгсөн ч надад байсан тэр нэгэн нандин чанаруудаас аваад байх шиг. Өөрөө бол би надад урам зориг өгдөг гэдэг утгаараа баярлалаа гэдэг үгийг харамгүй хэлнэ. Их бага гэлтгүй надад ирж байсан нөлөөлөлд тэр үгийг харин ч нэг хэлж өгнө. Маш их баярлалаа, үнэхээр их баярлалаа, гялаалай, танк ю, ёстой баярлалаа, баярлалаа... Урьдны би-гээс илүү хүн болсон нэг талаар гэхдээ л өөрөөрөө байх боломжоос минь алдагдуулж байсан учраас тэмдэглэлийн дэвтэртээ баярлалаа гэж хэлээд хөтлөхөө больсон. Дараагийн тэмдэглэл бол одоог хүртэл миний хөтөлж байгаа тэмдэглэлийн дэвтэр. Өдөр бүрийн хамгийн сайхан үйл явдал зураглалыг бичдэг дэвтэр. Энэ тэмдэглэл бараг хувьсал авчирсан юм даа. Сайн санаа сайн үг дагуулна. Сайн үг сайн үйлдэл үзүүлнэ. Сайн үйлдлээс сайн үр дүн гарна. Өнөөдрийн лекц амжилттай боллоо, ажлаа сайн хийсэн найзууддаа баяр хүргэе, сайхан ном уншлаа, гоё хөгжим сонслоо, сайхан хоолоор дайлсан найздаа баярлалаа гэх мэт маш цомхоноор бичнэ. Өдрийн онцлох зургаан мэдээллийг бичнэ. Сайн, сайхан, гоё, тааламжтай, баярлалаа гэх үгсийг түлхүү хэрэглэнэ. Энэ дэвтэрийг хөтөлж эхэлснээс хойш өөрчлөлт хамгийн ихээр ирсэн гэж би хувьдаа боддог. Ядаж л өдрийнхөө хамгийн сайхан зүйлийг шууд боддог дадалтай болж ирсэн. Муугийн талаар бодохгүй байна гэдэг сайхан. Үнэхээр гайхалтай өөрчлөлтүүд гараад зогсохгүй аз ивээгээд ч байгаа юм шиг мэдрэмж төрдөг дөө. Миний энэ бичвэрийг уншиж байгаа та ямарваа нэгэн тэмдэглэл хөтөлж байгаарай. Хэрэв хөтөлдөг бол илүү үр дүнтэй үр ашигтай болгоорой. Тэмдэглэлийн цаад мөн чанар нь ой ухааныг сайжруулаад зогсохгүй дараа уншиж анализ хийхэд ч бас болно. Нэг баяр хөөр тэр тэсэрсэн мэдрэмжийг дахиж уншихад яг л тэр хэвээрээ бодолд орж ирдэг. Дотроо инээнэ, зарим үед инээмсэглэнэ. Энэ сайхан мэдрэмж. Муу зүйлд анхаарал хандуулахаа болчихвол угаасаа сайн зүйл амжилт таныг хүрээлээд ирнэ дээ. Та хөтлөөд үзэхэд үр дүн аяндаа гарна. Ухаалаг тэмдэглэл.

Tuesday, April 16, 2013

Гарц үгүй

Яг одоо л... Сэтгэл ийм тэнүүн байх өдөр амьдралд хэр олон бэ? Тайван бас бахархал төрсөн өөрийнхөө дотоод сэтгэлийг бодохоор инээд хүрэх шиг. Бүр нэг цаанаасаа оргилоод байж сууж чадахгүй, тэгсэн мөртлөө энэ байдалдаа ингээд л байгаад баймаар. Олимпиадад ороод шагналын тавцан дээрээс медалиа зүүх агшин шиг, анхны цалингаа халаасандаа хийгээд гудамжаар тааваараа алхахад ямар гоё байдаг тэр л мөч шиг... Амьдрал баян юм даа... Зуны нэмэх 40 градуст баг зүүгээд, каскаа зүүгээд 2 давхар ажлын хувцсаа өмсөөд ажилдаа гардаг байлаа. Уурхайн гүн рүү дөхөж очиход нар мандаж, сэрүүн салхи зогсоно. Говийн нар хурцаар шарж, элсэн нүүрсээр шуурна гэвч бидний хэн нь ч шантрахгүй. Хөлс 2 давхар хувцсыг нэвтлэн ууршиж эхэлнэ, дараа нь хорсоно. Бүгд л ажиллана... бидэнд зорилго бий. Зарим хүн гэрбүлээ тэжээнэ, арматурчин ах эгчийнхээ эмчилгээний зардлыг олох эрмэлзэлтэй,мужаан ах 2 хүүхдийнхээ төлбөрийг олох ёстой. Надад харин миний хүсэл мөрөөдөл зорилго бий. Хамгийн залуу нь би байсан болохоор тэд нар минь их хайрлана. Биегүй болно, хамгийн гол нь эрүүл мэнд гэж ятгана. Жин цохиулна, халуурна, бэртэнэ... шантрана. Гэсэн ч зорилго хамгийн чухал... Дараа жил говийн нар нүүрс үнэхээр зүрхэнд орсон байв. Тиймээс зам дээр ажиллах болов. Говьд байсныг бодвол би амралтанд байлаа. Ардын эрх зуун айлын зам дээр. Ажил хөдөлмөр хүнийг яаж өөрчилж байгааг мэдэрч байсан, ачаалал таарч байсан болохоор 2 ээлжинд зэрэг ажиллав. Өглөөний ээлжтэйгээ 9-16 цаг хүртэл ажиллана, оройн ээлж 7-с замын гэрэл унтартал ажиллана. Замыг хурдан ашиглалтанд оруулах ёстой, бүтээн байгуулалт тасралтгүй, цаг наргүй сайхан үе байв. Гай газар доороос нөгөө компаний инженерийг манай инженер индүүгээр дайрчихав. Хүний амьдрал ямар хэврэг болохыг нүдээр үзэж айдас хүрж байсан. Цалин бодогдоход сард 46 хоногтой гарваа. Бас л урамшина шүү дээ. Зам ашиглалтанд орлоо, явган хүний замын хавтан цохиж сурлаа. Манаач ажлаасаа гарсан тул өдөр нь ажиллаад шөнө нь манаач хийдэг болов. Зорилгынхоо талд... Дараа жил дахиад говь руу учир нь мянганы замын ажил авсан байлаа. Хуучин ажилтан сайн ажилтан, индүү барьж сурлаа. Говь бас байдгаараа Өмгөговийг бодвол арай гайгүй шүү Дорноговь. Өглөө ажилдаа гараад индүүдэх метрээ аваад л индүүдэж гарна шүү дээ. Өдөрт 5 литр цай ууна, хөөрхий бөөрөө ч нэг зовоосон доо. Сайн нөхөд сайхан нөйзууд энд л би. Эксковаторчин, автогрэдр, ковш, том тэрэг машин байрьдаг хүмүүс, лаборатори, геодизийн ажилчид амьдралын төлөө зүтгэж байгаа юм. Дөнгөж ажил хийж эхэлсэн миний толгойд их юм орно шүү дээ. Индүү их удаан, мянганы замын босоо тэнхлэгт миний индүүдэж тэнцүүлсэн 20 км газар бий... Зорилго зорилго... Дараагийн жил барилга дээр ажиллахаар сэтгэл шулуудав. Дахиж говийн өвчнөөр өвдөхгүй гэсэндээ. Хэд хоног суулгаад ирэхээр над мэтийн паартай байранд өссөн хүмүүс сүг болно шүү дээ. Барилга баригдсаар, ажилласаар. Барилга дээр бол надаас дүү хүмүүс ч ажиллаж байсан, цалин хүчний ажил гэсэндээ урьдах хийж байсан ажлуудаас нэг их дор биш. Их юм сурч байлаа, шавар шохойны ажил, бетон цутгах, мужааны энгийн ажлуудыг. Паркетэн шалны мастер л болсон юмдаг. Мэдээж хүн ажиллаж байгаа болохоор ядрана аа. Ядрахын хэрээр толгойд юм ороод л байсан юм даг. Зорилгын эцэс... Энэ хугацаанд мэдээж тэмцээн уралдаанд орж, эрдэм шинжилгээний бага хурал зэргээс байр эзлээд л байсан. Нэг жил нь шилдэг оюутан болсон санагдана. Харин одоо сүүлийн жил би төгсөх гэж байна. Аавын хэлсэн үг санаанаас гардаггүй юм. Товчилбол аав ээжийн үед сургууль соёл үнэгүй адаглаад нэг гэрт ороход байр сууц гэж зовохгүй хамаг зүйл нь болдог байсан. Одоогийн залуучууд харин их хичээх хэрэгтэй болж байна... Барилга дээр ажиллаж байхад байр ашиглалтанд орж байсан үе их тод үлдэж. Сүүлийнхээ байрны бүх зүйлийг хийж дуусаад түлхүүр хүлээлгэж өгөхдөө тэр байранд тамхи татаад сууж байлаа. Ийм байртай болохын тулд их хөдөлмөрлөнө дөө. Залуу хүний боддог бодлын нэгийг л бодож байлаа. Байртай болчуул... Ажил дуусах болгонд хөдөө гэртээ хэд хоног амрах гэдэг диваажин байсан даа...Өөд болсон өвөөгийн минь ахмад дайчин байсныг хүндэтгэн улсаас байр олголоо. Манай хамаатан садан ах дүүс ярилцаж байгаад надад өгөх болсныг дуулаад ямар их баярлав. Тэр байранд анх ороод үнэхээр догдолж хэсэг чимээгүй суусан даа. Тэр байр яг миний барилга ашиглалтанд оруулаад дотор нь тамхи татаж байсан байртай яг адилхан байр байлаа. Уйлсаан уйлсан. уйлдаг юм байна лээ... Одоо сургуулиа төгсөөд шууд цэрэгт явна шийдсэн.

Tuesday, April 9, 2013

Амьдралын эрч хүчний талаар- Гэгээрэл өөд

Нүдээ аниад хязгааргүй амар амгаланг өөрийн оршихуйдаа бүтээх. Эндээс л бүх зүйл эхэлсэн. Ямар ч бодолгүй, ямар ч мөрөөдөлгүй, ямар ч айдасгүй, ямар ч зовлонгүй оюун ухаанаа бүрэн чөлөөлж жингүйдэлд орон, өөрийн бие болоод сэтгэл санааг ариусган суух тэр л ертөнц. Анх би зөвхөн өөрөөсөө хайсан тэр зүйлээ нэг л мэдэхэд орчлон ертөнцөөс хайж эхэлсэн. Ерөнхийдөө би бясалгах дуртай болж байсан юм уу даа 4 жилийн өмнө юм байна. Зөвхөн өөрийн зөн совингоор анх удаа завилан суугаад нүдээ аниад нэг зүйлийг бодсон. Хамгйн гол нь анхаарлаа төвлөрүүлэх гэж бодож байв нэг одыг өөрийн сэтгэлдээ харж түүний талаар бодоод байлаа. Аажимдаа эргэлдэж эхэлсэн, тэр одыг бясалгах бүртээ хардаг болсон. Нэг удаа тэр одны эргэлдсэн байдалдаа төстэй зүйлийг харсан нь арга билиг тэмдэг байв. Ингээд арга билиг тэмдэгийг олж авсан. Хүн ямарваа нэг зүйлийн эрэлд гараад хайсан л бол заавал үр дүн гардаг. Миний анхны бясалгал их цаг авдаг үр дүн муутай байж байсан болох ч би энэ бясалгалдаа хамгийн хайртай. Дараагийн жилдээ арга билиг тэмдэгийг агаарт зурж бясалгал хийдэг болсон тэр тэмдэгийн маш олон задаргаа миний тархи оюун бодолд эргэлдэх болсон. Гайхалтай зүйлсийг ч мэдэрч эхэлсэн. Бясалгаж эхэлснээс хойш өөрийн зан чанарт хэд хэдэн томоохон өөрчлөлт гарсан бөгөөд уур уцаар төрөх нь багасч аажимдаа уурлахгүй болох шинжтэй болсон. Маш тайван болж байсан юм даа. Яг л энэ үеэс ном уншиж эхэлсэн. Хэдэн ном уншсан юм бүү мэд, галзууртлаа ном уншиж эхэлсэн. Уран зохиол, утга зохиол, гарын авлага гээд л бүгдийг нь. Нэг л мэдэхэд энэ сонирхол маань шунал болж байгааг анзааран өөртөө дүгнэлт өгсөн. Энэ шатанд миний бясалгал харин нэг зүйлд төвлөрөх биш оргүй хоосонд шилжих тийм чанарын болсон. Анхны оролдлогоор л маш их урам авч ингэж бясалгаж эхэлсэн. Цэвэр өөрийн бодлоор ийм нэгэн бясалгалын амтанд орсон. Ямартаа ч өдөржин шөнөжин ном уншихаа болисон юмдаг. Өөрийн дотоод хүнтэйгээ ярилцах тал дээр бясалгал томоохон дэвшил авчирсан. Одоо ингээд бодоход зарим зүйлийг мартахын тулд, зарим амжилтыг бататгахын тулд бясалгалыг би илүү нухацтай чамбай хийх болсон. Нэг ёсны өөртөө оюун бодол эмчлэх эмчилгээ явуулж байна уу гэлтэй. Зарим нэг тал дээр бусдаас өөр болж байгаагаа анзаарч байлаа. Гэхдээ сайн талаараа л даа. Гуравдахь жилдээ би өөрийн биеээс гадна бас нэг өөр биет мэдрэх болсон. Энэ нь надад маш том нээлт том баяр байлаа. Гараа өөрийн биедээ хүргэхгүй хол зайнаас хүрч чаддаг болсон гэх юм уу даа. Ямар ч байсан 2 арьсны дунд нэг юм байгааг анзаарсан бөгөөд энэ нь мэдээж миний биеийн хэсэг байв. Яг энэ үедээ юм даа санаандгүй гэрлийн өргөөнд очсон бясалгалын мастер багштай таарсан. Аурогоо хэмжүүлж үзэхэд бусдаас арай өөр илүү том байсанд олзуурхсан, бас өөрийн тэр нууц бясалгалдаа улам хайртай болж байлаа. Өргөөнийхөө Галт удганаас тэрхүү бясалгалыг сурахаар шавь орсон юм. Шинээр хичээллэх бясалгалыг Рейки гэж хүмүүс ярина. Хамгийн гайхсан зүйл бол арга билиг тэмдэгт "бяргаа" гэж тэмдэг байдаг. Энэ тэмдэг Рейки буюу амьдралын эрч хүч бясалгалд байсан юм. Яг адилхан, хүмүүсийн хурууны хээ, толгойны эргүүлэгт байдаг шиг тэмдэг гэж ойлгож болно. Миний үздэг хүүхэлдэйн кинонд бас энэ тэмдэг байлаа. Ингээд л тасралтгүй бясалгаж эхэлсэн. Рейки гурван шаттай харин би дөнгөж эхний шатыг нь авсан юм. Нэг өдрийн амгалан мянган жаргалын үүд гэдэгчлэн энэ бясалгал надад маш их таалагдаж байсан. Багш өөрөө надад нэг ном бэлэглэсэн тэр номыг нь уншаад, бясалгалаа хийсээр одоо 5 сар болж байна. Гайхалтай гэхээс өөр зүйл орж ирэхгүй байгаа юм. Хүний амьдрал болоод сэтгэхүйг бүрэн өөрчилж чадах тийм л бясалгал байлаа. Одоо би 2-р шатандаа сурахаар шийдсэн байгаа. Магадгүй танд амьдралд чинь нэг удаа болов бясалгаж үзэх санаа төрсөн бол тэр санаагаа услан ургуулж рейкигээр хичээллээд үзнэ үү гэж зөвлөх байна. Үйлийн үрийн түвшинд яригдах энэ бясалгалын цар хүрээ хэмжээлшгүй мэт санагдсан. Миний мэдэрсэн зүйл бол эрүүл бие, эрүүл ухаан, амар амгалан байлаа. Үнэн бол энэ бясалгал хүн бүрт хэрэгтэй. Өөрийн эрхгүй л хайр ундраад байдаг юм даа дотроос. Нууц бясалгал энэ хоёрт би хоёуланд нь талархалтай ханддаг. Учир нь энэ 2 хоёулаа амьд.

Өвөөгийн түүх - Миний бахархал-Агуу амьдрал

Миний өвөө 1924 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын 9-р багийн нутаг Хужирбулан гэдэг газар ядуу малчин ард Жамъянгийн 3-р хүү болон төрсөн билээ. Бага залуудаа эцэг эхийнхээ гар дээр хүмүүжиж байгаад 1942 онд сумын төвд төвд, хуучин, шинэ монгол бичиг суран эрдмийн гараагаа эхэлсэн. Өвөөгийн ярьж байснаар бичиг үсэг сурсан хүн их ховор байсан цаг, тэгээд өвөө маань 2 жил нутаг усныхаа багийн засаг дарга хийж байгаад 1944 онд цэргийн албанд татагдаж, хилийн цэргийн Халх голын 24-р отрядын 2-р сумангийн 5-р заставт хилчнээр очсон бөгөөд тухайн оныхоо 11 сард отрядынхаа төвд бага даргын сургуульд сурч онц дүнтэй төгсөн өөрийн алба хааж байсан ангидаа ирэн ахлах цолтой жагсаалын даргаар ажиллаж байгаад 1945 оны чөлөөлөх дайнд оролцож тагнуулын үүрэг гүйцэтгэж явсан юм. Өвөөгийн тагнуулийн групп Өвөр Монголын Манжуур, Барга, баруун, зүүн Сөнөд зэрэг нутгаар тагнах ажиллагаа явуулж гадаадад оргон зайлсан дотоодын цэргүүдийг барьж отряддаа хүргэдэг байж. Тухайн алба хашиж байх хугацаандаа "Онч хилчин" тэмдгээр шагнуулсан гавьяатай юм. 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор хилийн цэргийн 20 хүний бүрэлдэхүүнд багтаж 1000 гаруй км газрыг мориор туулан Мэнэнгйн талд төөрч хэд хоног усгүй амь эрсдэх шахан явж Улаанбаатар хотод ирээд марш тактикийн тэмцээнд морин сургууль буудлага  зэрэг арав гаруй төрлийн тэмцээнд орж өвөөгийн отряд нэгт 1-р байр эзэлсэн бөгөөд манай өвөө өөрийн оролцсон буудлагын тэмцээнд онох ёстой бүх байг онож, 30 оноо аван "Онц буудагч"тэмдгээр шагнуулсан бас нэг бахархалтай. Тухайн жилдээ Японы милитаристуудаас эх орноо хамгаалж явсан гавьяаг нь үнэлж төр засгаас БНМАУ , ЗХУ-ын "Бид ялав" медалиудаар шагнуулсан юм. Ингээд Дотоод Яамны төв сургуульд суралцах хуваарь ирсэнд шалгалтанд орон тэнцсэн цөөн хүмүүсийн тоонд багтан уг сургуульд 3 жил суралцан 1949 онд Дотоод явдлын сайдын тушаалаар дэслэгч цолтой болж, хилийн цэргйн 31-р отрядын Хагнуурын заставын даргаар нэг жил ажиллаад, дараа нь Замын-Үүдийн 12-р отрядын 13-р заставын даргаар ажиллаж байгаад улс эх оронд энх тайван цаг ирсэн гэж үзээд застав нь татан буугджээ. Үүний дараа Үйлдвэрийн яамны харьяанд шилжиж Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уурхайд бригадын даргаар ажиллаж байгаад, 1956 онд анхны жолооны курст төгсөгчдийн эгнээнд багтан жолооч болж Гадаад явдлын яамны баазад томилогдон жолоочоор ажиллаж байгаад 1961 онд эвлэлийн илгээлтээр томилогдон Угтаалын сангийн аж ахуйд гарашийн дарга ажлыг 1972 он хүртэл хийж байгаад, өөрийн хүсэлтээр өөрийн төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд түргэний тэргэний жолоочоор нэг жил ажиллажээ. Өвөө ийм л хүн байсан байгаа юм. Өвөө дайн тулаанд оролцож явсан үеээ, тулалдаануудынхаа талаар их дэлгэрэнгүй ярьдаг байсан боловч тагнуул хийж байсан үеийнхээ тухай бол барагтаа ярьдаггүй байлаа. Ингээд 1973 онд Эрдэнэтийн их бүтээн байгуулалтанд сэтгэл шулуудан ирж, Зөвлөлтийн авто тээврийн байгууллага, Худалдааны газар , 35-р бааз, Уулын баяжуулах үйлдвэр зэрэг анх үүсгэн байгуулахад гар бие орлцож явсан бөгөөд 1984 онд гавьяаныхаа амралтанд гарчээ. Улс орондоо тасралтгүй 50 жил малчин, жолооч, тагнуулч, цэргийн дарга, хилчин, бригадын дарга, багийн засаг дарга зэрэг ажлуудыг нэр төртэй гүйцэтгэж иржээ. Цагаан сараар хотын засаг дарга, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд ирж золгодог байсан. Өвөө минь Эрдэнэт хотын хүндэт иргэн эгэл жирийн агуу хүн байсан юм.
Өвөөгийн эх орон ард түмнийхээ төлөө тэмцэж, ажиллаж байсан хичээл зүтгэлийг үнэлж, БНМАУ, ЗХУ-ын "Бид ялав" медалиуд, Жуковын медаль, Японы милитаристуудыг ялсны 30 жилийн ойн медаль, Зэвсэгт хүчний 50, 60, 70 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд, Монгол улсад тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж явсныг нь үнэлж "Ахмад дайчин" цол тэмдэг, Эрдэнэт хотын илгээлтйин эзэн тэмдэг, Эрдэнэт хотын хүндэт иргэн цол тэмдэгээр шагнажээ. Өвөө минь 2009 оны хавар тэнгэртээ гарсан бөгөөд өвөөгийн амьдралд миний хувьд нэр төр, бахархах бахархал, цаашлаад үр хүүхдэд минь домог болох тийм л агуу түүх билээ. 

Monday, April 1, 2013


Арга билиг тэмдгийн тухай

  • Арга билиг тэмдэг бол мөнхийн хөдөлгөөний бэлгэдэл юм. Аливаа зүйл 2 талтай байдаг. Арга билиг тэмдэгийн нэгдэх утга бол энэ бөгөөд өдөр шөнө, эр эм, халуун хүйтэн, нар сар, жаргал зовлон, хайр харуусал, дайн ба энх .....гэх мэт энэ дэлхий дээрх түгээмэл нэг ухагдахууны хосломол шинж чанарыг өөрийн энэхүү тойрогтой багтаасан байдаг. Хар дотор цагаан, цагаан дотор хар байх утга нь нэг нэгнээсээ зайлшгүй хамааралтай болох утгыг илэрхийлнэ. Маш товчоор хэлбэл арга билгийн нэгдэх утга зохилдохуй/шүтэн барилдах/ юм.
  • Арга билиг тэмдэг бол орчлон ертөнцийн бүхий л хэлбэрийг өөртөө багтаасан байдаг.  Молекулын бүтцийн хувьд ч адил бөгөөд цөм болон электрон түүний хөдөлгөөний бэлгэдэл байдаг. Цаашлаад эсийн түвшинд ч гэсэн арга билгийн мөнхийн эргэлдэх хөдөлгөөнөөр тайлбарлаж болох бөгөөд дэлхийн бүтэц бол арга билгийн цогц юм. Эргэлдэх хөдөлгөөний хувьд нар зөв эргэх бөгөөд нарны аймгийн хөдөлгөөн цаашлаад манай галагтикийн бүтцийн мөн чанар арга билиг тэмдэгт бий. Оргүй хоосноос хэмжээлшгүй агуу зүйл хүртэлх бүх л биетүүд арга билиг тэмдэгт багтана.
  • Арга билгийн дараагийн тайлбар бол ухаан болон ухамсрын ойлголт. Аргын ухаан, билгийн ухаан 2 хослон байж төгс төгөлдөрийг/арга билиг/ бүтээх аргаа барахын цагт билгийн ухаан сэрдэг гэсэн үг байдаг. Билгийн ухаан шавхагдахын цагт аргын ухаан дийлдэг гэдэг үг бий. Зөвд зөөлөн бурууд хатуу байх гэдэг ардын үг үүнтэй холбоотой. Арга билгийн хар цагаан дүрс багаас их рүү эргэлдэх хөдөлгөөнтэй байх ба энэ өөрийн дэс дараа болон ухаарах, санах, сэрэх, өсөн нэмэгдэхийн бэлгэдэл болоод зогсохгүй цаашлаад шинэчлэл, хувьсал, зогсолтгүй эргэх амьдралын хүрдийг санагдуулна. 
  • Туйлын ойлголт болохын хувьд зовлонгүй жаргал, жаргалгүй зовлон үгүй. Шөнийн дараа нар мандах шиг, өвлийн дараа зун болно. Сайнгүй муу, муугүй сайн нь үгүй. Муу хүмүүс байдаг болохоор л бид тэднээс сайн хүмүүсийг ялгаж чаддаг. Өдөр боддог бол шөнө зүүдэлдэг. Өглөө манддаг бол орой жаргадаг. Мөнхийн хөдөлгөөн болохын хувьд эхэлсэн зүйл дуусах хэдий ч дахин дахин давтагдах гагцхүү чин үнэн энэ тэмдэгт бий. Аргын ухаанаар хүн үхсэн хэдий ч үр хүүхэд нь цаашаа амьдарч энэ хүрдийг эргүүлнэ. Билгийн ухаанаар бол хүн үхсэн ч сүнс нь мөнхөд амьдрах болно. 

Saturday, March 30, 2013

Шашин ба Үнэн

Мангас хүний биеэр котлет хийж идэх хоббитой бөгөөд оргохын аргагүй умгар өрөөнд арван эрийг түгжин хорьно. 7 хоног тутамд нэг хүнийг алж идээд оронд нь шинэ залууг хулгайлан авчрана. "Өнөөдөр би Батыг иднэ, санал нэгтэй байгаа нь гараа өргө" гэхэд Батаас бусад нь бүгд сүрхийтэл алгаа харуулна, зөв байна жинхэнэ шударгаар шийдлээ, Бат bye bye.

Амьд үлдсэн эрчүүд бүгдээрээ өөрийгөө хэдэн өдөр хөл дээрээ тогтох хувьтай юм гэдэгтээ баясаж архидан цэнгэлдэнэ, ядаж долоо хоног амьд явна. Мангас эрчүүдэд архи, гахайн шарсан махтай хамт үлдээгээд сайхан амрахыг хүсээд Батыг чарлуулсаар ганцхан нугасалж алаад мөрөн дээрээ тохон гарна.Мангас алагдсан Батын оронд эмэгтэй хүн авчирч залуусыг баярлуулав. Тэртэй тэргүй үхэхийн хооронд цэнгэлдэе хэмээгээд хүүхнийг хүчээр эдэлцгээв. Хүүхэн тийм гоо үзэсгэлэн биш, мангас зөвхөн зооглохын тулд барьж ацарсан хөх томтой тарган эм аж. Долоо хоног эрчүүдийн зугаа болж зовно. Гэхдээ хүүхэн үхэхийг хүсээгүй.
Мангас дараагийн зоогоо барих гэж орж ирлээ, "Өнөөдөр энэ хүүхнийг би идэх болно, санал нэг байгаа нь гараа өргө" гэж хэлэхэд эрчүүд тээнэгэлзэж ядна. Хүүхнээс салчихмааргүй санагдах эргэлзсэн олон эрчүүдийн дундаас гэнэт нэг нь "Би хүүхнийг өнөөдөртөө амьд байлгамаар санагдана, Болдыг идүүлэх санаатай байгаа нь гараа өргө" гэж шулуухан хэлэв. Мэдээж Болдоос бусад нь сүрхийтэл гараа өргөлөө, хүүхэн ч бас."За яахав та бүхний саналаар болъё" гээд хөөрхий болдыг хэчнээн элдвийн юм ярьж эсэргүүцэл үзүүлэн тийчэлсэнийг үл тоон нугасалж алаад шарж иднэ. Мангас залуустаа хандаж сайхан үг ерөөв. Хэзээ нэгэн цагт үхэх нь үнэн, бас үхтлээ амьд явах нь үнэн. Мангас Болдын оронд дахиад өөр нэгэн эмэгтэйг авчрав, бас л мираалаг. Эрэгтэй эмэгтэйн харьцаа 8:2 болсон.

Эрчүүд шинэ хүүхэн рүү чичрэн дайрахаа яаж мартахав. Энэ өрөөнд бүх хүн амиа бодсон нэг л зорилготой. Мангас дахиад л долоо хоногийн дараа хоригдогсодын нэгийг зооглохоор орж ирлээ. "За хүмүүсээ өнөөдөр хэнийгээ миний ходоодонд оруулах саналтай байна" гэж асуухад сүүлд ирсэн хүүхэн өөрийн саналаар үхэхийг хүсэв. Өмнөх хүүхнийг бодуул доромжлолыг тэсч чадахааргүй, амьд явахыг төдийлөн хүсэхгүй байгаа аж.Ганцхан хүн өөртөө маш итгэлтэйгээр гараа өргөв, нөгөө эмэгтэй нь.Эрчүүдийн хувьд жинхэнэ дилэмма үүсэв. Үнэхээр ч үхье гэсэн хүнийг бүгд гараа өргөж зөвшөөрөөд өөрсдөө дахиад долоо хоног амьд явах боломж бүрдэж байгааг бодохоор үхүүлцэн нь ч дээр юм шиг. Гэтэл бас ганц эмэгтэй хүнтэй үлдэнэ гэж бодохоор тэр хүүхэн хайран ч юм шиг. Гараа өргөж зөвшөөрөхгүй бол энэ удаад чиний идүүлэх магдалал 1/8.

Аажмаар эрчүүдийн амьдрах хүсэл нь минут минутаар нэмэгдэж, нэг нэгээрээ гараа өргөсөөр таван хүн үхэх хүсэлтэй хүүхнийг Мангаст идүүлэх саналыг дэмжив. Мангас өнөө хүүхний толгойг тасдан хөлийг нугалан ганзгалаад гарч одвоо.Мангас хүүхний оронд нэгэн булиа атмаан эрийг шинээр барин оруулж ирлээ. Булиа эр нөгөө найман залууг бүгдийг нь зодов, одоо хүүхнийг ганцаараа эзэмшинэ. Өөрийн эрх дархыг мангасын шоронд тогтоолоо. Олон эрд зэрэг эзэмдүүлсэнээс ганц булиа эрийн тэвэрт байсан нь хүүхэнд ашигтай.Хүүхэн: Хөөе булиа атмаанаа, чи ингэж бүгдийг дээрэлхэж байгаа чинь өөрийгөө мангасын аманд оруулж буйгаас өөрцгүй хэрэг. Долоо хоногийн дараа мангас ирж хэнийг идэх талаар санал асуухад эдгээр эрс бүгд чамайг үзэн ядах тул мангасын ходоод руу очуулхаар гараа өргөх болно

Булиа атмаан үүнийг дуулаад “би ганцхан бүдүүн баараг хүн ч биш, арга зальтай шүү” хэмээгээд нөгөө найман эрийн гурвынх нь мөрийг мултлав, мултархай мөртнүүд гараа өргөж чадахгүй. Тэгээд бусдад нь хандаж ийн хэлэв, “Дараагийн удаа мангас хүрч ирэн хэнийгээ золигт гаргахыг биднээс асуух болно, хэрэв бүтэн мөртэй үлдсэн та нарын хэн нэг нь намайг идүүлэхийн тулд гараа өргөх аваас энэ гурав мэт мултархай мөртэй үлдэнэ шүү. Харин миний хэлсэнээр энэ муу гурвын нэгийг нь идэг гэж санал гаргаваас би ачлан гийгүүлэх болно. Хэн хамгийн түрүүнд гараа өргөж миний санааг дэмжсэн нь энэ хүүхнийг нэг удаа эдэлж болно”.

Хөөрхий мултархай мөртэй гурвын хэн нэг нь золигт гарахаас гарцаагүй болжээ, тэд ямар ч нөлөөгүй, гараа ч өргөж чадахгүй.Мангас долоо хоногийн дараа ирлээ, мултарсан мөртэй гурвын аль нэг нь идүүлэгч кандидат боллоо. Харин нөгөө бүтэн гартай эрчүүд бүгдээрээ хоорондоо уралдан гараа өргөж хөөрхийг золигт гаргаж мангасын ходоодыг тослов. Мангас харин уламжлал ёсоороо үлдсэн хүмүүст тарган хоньны мах, тансаг дарсны хамт үлдээгээд бас нэг том толгойтыг шинээр чирч авчрав.

Том толгойт арай ухаалаг тул “дараагийн долоо хоногт хэнийхээ ч төлөө санал өгөхгүй байцгаая” тэгвэл мангас хоосон ходоодтой үлдэх болно гэсэн мэргэн санааг гаргалаа. Бүгд мэргэн санааг шагшин магтаж, оролдоод үзье хэмээн дэмжлээ.Уламжлал ёсоор долоо хоногийн дараа мангас ирээд “хэнийг нь идэх талаар саналаа хэлцгээ гэв”. Энэ удаад бүгд чимээгүй, хэн нь ч хэнийхээ мууг үзэх гэж гараа өргөсөнгүй. Мангас гомдон дахин дахин асуусан ч бүгд чимээгүй байсанд юу ч дуугарсангүй гарч одлоо. Бүгдээрээ амьд гарсандаа баярлалдаж цэнгэн наадна. Том толгойтод бүгд талархал илэрхийлнэ, тэр бол баатар.

1 хоног өнгөрөв, жаргалтай, 2 хоног өнгөрөв бодолхийлнэ, 3 хоног өнгөрөв бүгд цангана өлбөрч үхэх шахав .... “мангасаа мангасаа бид чамд хайртай, буцаад ирээч дээ гуйя, энэ муу том толгойт хөгийн юм сэдэж биднийг мунхруулжээ түүнийг идвэл таарна” гэж бүгд чарлалдана. Бүгдээрээ үхсэнээс нэг нь л үхсэн нь дээ.Муусайн амьтад мангасыгаа хоолгүй явуулчихлаа. Одоо тэгээд яахуу?Магадгүй мангас өлбөрөөд үхчихсэн байх, тэгээд юугаа идэх вээ?Хөөе мултархай мөртнүүдээ, та хоёрын гар хэрэггүй юм чинь идчихье тэгэх үү, тэгэх үү ч гэж дээ тэг за, ... ням ням ням ннххмм найзуудаа бүгдээрээ зооглоцгооё. Мултархай мөртүүд зөрж нэгнийхээ гарыг зооглоно. Гэхдээ аль амттай гэдэг дээр бас маргаан гархаа яаж мартхав.

Эцсийн эцэст хоёр мултархай мөртийг бүгдээрээ хувааж идээд долоо хоног цатгалан. Гэхдээ тэдгээр хүмүүс аз жаргал гэж мартагнаад, үхэр гахайн махыг умартаж эхэлнэ. Өлсгөлөн бол аймар явдал шүү дээ, эрэгтэй хүний төмсөгийг ч үлдээхгүй идэцгээнэ, ууцгаана, хүний биеийн наян хувь нь ус болохоор гуяны арьсыг зажилхад цангасан үед гаазтай кола."Бид чинь араатан биш шүү дээ, нэгнийгээ хөнөөхөө больцгооё л доо, хэн тэсвэргүй нь үхэнгүүт түүнийгээ идэцгээе". Эцсийн ХҮН ЧАНАР байлаа.

"Чи үхэж байна, би амьд байна, чи үхэж байна, би амьд байна" сэтгэхүйн дайралтыг үзүүлнэ. Хат муутайнууд нь нүдээ аниад дахиж нээхгүй, сүнс нь төөрөлдсөн, хүмүүсийн ходоодонд орсон цогцосных нь хэсэг болгонд бичилхэн сүнснүүд хорогдох. Үс, хумс, ясаар үлдсэн хүмүүс ёолкны мод хийн чимэглээд тойрч зогсон хайрын дуу аялна. Тэдний эцсийн Холидэй.HolyDay, Holy Day, Ариун өдөр тийм ч ариун байгаагүй, эцсийн эцэст ариун гэж юу гэсэн ч үгийн бөө мэд зусс.

Хүмүүс нэг нэгээрээ үхсээр, эцэст нь ганц хүн үлдэнэ. Толинд хэн нь ч өөрийгөө хараагүй, ямар аймшигтай төрхтэй болсоноо, харин бусдыгаа харсан, тиймээс ч өөрийгөө хир байдалтайг ухаарах нь тийм хэцүү биш.Үлдсэн ганц нь үхлээ хүлээн хэвтэнэ, идэх юу ч үлдээгүй.Гэнэт хаалга нээгдэв. Үл таних хүн дүрстэн түүнийг дагуулж гарлаа. - Эндээс гаргасанд баярлалаа, чи хэн бэ?- Миний хэн байх нь асуудал бишээ чи хэн гэдэг нь л чухал- Тэгээд би хэн юм

- Мангас. Одоо чи хүнээр хооллодог болсон шүү дээ. Өлсөж байгаа биз, би чамд шинэ өрөөг чинь зааж өгье, тэнд хэдэн хүмүүс байгаа долоо хоногтоо нэгийг нь идэж байна биз. Харин ямар дүрмээр хэнийг нь идэхээ чи надтай гэрээ байгуулж тохирох хэрэгтэй.- Биднийг иддэг байсан шиг үү- Та нарыг иддэг байсан мангас өөрийнхөө гэрээний дагуу яаж азгүй үхсэнийг чи мэдэж л байгаа биз. Одоо чиний дүрэм тогтоох ээлж.- Ингэхэд чи өөрөө хэн бэ- Юу гэж дуудхаа өөрөө шийд, гэхдээ намайг ихэвчлэн Бурхан л гэдэг юм даа