Monday, January 30, 2017

Үхэл амьдралын зааг

Цагийн зүү надаас зугтах мэт хурдан цохилно
Цагаахан үүлс надаас нуугдах шиг алслан нүүнэ
Өнгөрсөнд алдсан бүхэн өнөөдөр надаар тохуурхана
Ирээдүй намайг дооглож өнөөдөртэй хамт үлдээнэ
Эргэн тойрон чимээ аниргүй үхэл мэт дүнсийнэ
Этгээд гаж бодол тархинд биш зүрхэнд тэнүүчлэнэ
Бүүдгэр өдрийн сүрийг нэмж бүрхэг тэнгэр үүрэглэнэ
Бүтэн өдөр үхлийг дуудаж орон дотроо хөрвөөнө
Эмнэлэгийн орон дээрээс тааз хүртэлх зайд нүд бэлчиж
Эрээвэр хураавар өнгөрсөн дурсамж болон тархинд тэнэнэ
Гадаа хаврын салхины тоос хаврын шиврээ бороонд дарагдахад
Гагцхүү энэ хорвоод миний мэтгэл булингартай мэт санагдана
Гадаа хаврын урь орсон ч дотор нь цасаар шуурна
Гартаа барьсан тамхины утаа өөрөөс нь үргэж замхрана
Он жилийн уртаас өөрөө өөрийгөө хайна
Огт танихгүй хүн харсан мэт толинд харахаар цочино
Үхэл хаалгыг тогшиж үүдээр сэмхэн мөлхөнө
Үхлийг ирэхээс урьтаж өөрийн авсыг бэлдэнэ
Нөгөөдрөөс ирсэн захидал эзэндээ очилгүй шатна
Нөхөөсгүй болсон амьдрал хагарсан шаар мэт ниснэ
Өөрийн бэлдсэн авсанд сүүлчийн удаа жаргалтай хэвтэхдээ
Үхлийг хажуугаараа хэвт гэсэн шиг бяцхан зай үлдээнэ
Цаг зогсож, салхи намдаж, үүлс агаарт царцах шиг
Цаг бусын үхэл хүүрэн дээр нь бүжиглэнэ
Төгсгөл шиг эхлэл тэгэхэд дөнгөж төрсөн хүүхэд шиг
Өлссөн сүнс биеээс өндийж өөр эзнийг хайна
Мөнөөхөн бодол сүнс цогцос хоёрын дунд барьц алдаж
Сүг сүүдэр мэт оргүй хоосонд замхран одно
Орчлон ертөнцийн хаа нэгтээ ухаангүй дүнсийнэ
Огт байгаагүй юм шиг сүүдэр ч үгүй бүртийнэ
Биегүй, сүнсгүй, ухаангүй ухамсар аялана
Төрсөн бие нь харин өт хорхойн хоол болно
Төөрсөн сүнс нь бусдыг ховсдож мөнхийн ад зэтгэр болно
Төлөөс болж оюун ухаан мянган жил унтана....
Нүдээ нээх шиг нүцгэн үнэн оюун бодлыг сэрээхүйд
Нүгэлт орчлонгийн байр байдал цаанаа л нэг сэжигтэй
Наргүй бас саргүй, тэнгэр үгүй газар ч үгүй, юу ч үгүй
Тэр чигээрээ оргүй хоосон өөрөөс нь өөр юу ч үгүй
Тийм гэхийн аргагүй хүйтэн харанхуй ертөнцөд
Тэр ганцаар эзэн сууж бурхан болж тоглоно
Оргүй хоосноос чөтгөр гэгчийг бүтээж өөрийн найз болгоно
Мөргүй үлдсэн өнгөрсөн амьдралаа өнөөдөрт авчирч
Хөөс ч үгүй замхарсан орчлон дэлхийг бүтээнэ
Сая сая булшнаас үхдэлүүд сэрж, жүжигт тоглож
Сайхан дүрийг булаалдан бие биенээ дахин хөнөөнө
Сайн дүр бүтээсэн нь там хэмээх диваажин руу явна
Муу дүр авсан нь диваажин хэмээх там руу тонилно
Үхлийн дараах амьдрал үргэлжилсээр
Үүрэглэх чөлөө олголгүй буцалсаар
Миний бодолд үхэл амьдрах шиг зураг
Түүний бодолд бид амьдрах шиг үнэн
Там диваажин дээшээ доошоо ямар ч хамаагүй
Завсрын энэ ертөнцийг "хорвоо" гэж нэрлэжээ
Анх амь үүссэн шиг ухамсар энд унтарч
Авс гэж үгүй болж хорвоо тэр чигтээ авс болов....
Амьдрал үхэл шиг санагдах цаг үе ирж
Азаа үзсэн зарим нь амьдрал хэмээх үхэл өөд
Арван ертөнц дамжин мөлхөнө, арайхийж очно
Амьдрал үхэл шиг чимээгүй ирнэ
Амсах төдийд ухаан балартаж
Өнгөрсөн дурсамж аниргүй арчигдана
Магадгүй би ингэж төрж, тэгж төгссөн
Маргаангүй үнэн гэвэл би одоо амьд явна
Үхлийн сурах бичиг үзэглэх дуртай
Үйлийн үрийг бясалгах хүсэлтэй
Үхсэн ч амьдарсан болохоор харамсахгүй
Амьдарсан ч үхэхийн учир бардахгүй
Би амьдарч явна. Эхлэл төгсгөл аль нь болохыг хэн мэдлээ.....
2014 оны 4-р сарын 6-10 М. Баасанжаргал
Хилийн цэргийн 0151-р анги. Хүн эмнэлэгт

Friday, September 18, 2015

Глобалчлал ба монгол улс

Оршил
                2015 он... ОХУ-ын улс. Ерөнхийлөгч В. Путин зарлиг гарган өөрийн улсаасаа гадаадын маш олон компанийг хөөн гаргасан юм. Зарим төрийн бус байгууллагууд, олон улсын сан, тусламжийн газруудыг тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр, макдональлс KFC зэрэг сүлжээ түргэн хоолны газруудыг гений өөрчлөлттэй бүтээгдэхүүн зарсан хэргээр улсаасаа хөөн гаргасан бөгөөд энэ үед барууны хэвлэл мэдээллээс бусад мэдээллийн сурвалжууд түүнийг үндэсний баатар хэмээн бичиж байлаа. Оны эхээр Нью-Иоркийн хөрөнгийн бирж дээр тус улсын томоохон үйлдвэрүүдийн хувьцаа унаж эхлэхэд судлаачид тус улсын эдийн засгийг дөнгөж хөл дээрээ тогтож байгаа хэмээн бичиж байв. Гэхдээ бодит байдал маш өөр байсан юм. Эдгээр өдрүүдэд тус улсын төрийн өмчит компаниуд өөрийн үйлдвэрүүдийн хувьцааг худалдан авснаар анхандаа 60-70% нь гадаадын хөрөнгө оруулагчдынх байсан үйлдвэрүүд 90% нь улсын мэдэлд шилжсэний дараа ерөнхийлөгч В. Путин хэлэхдээ глобалчлалын эсрэг улс орноо хамгаалан хийж буй хариу үйлдэл хэмээн онцлов. Харин Монголчууд глобалчлалыг даяарчлал, дэлхийчлэл гэдэг...
                Далай Их Чингис хаан аливаа улс орныг байлдан дагуулж эзлэхдээ тухайн улсын зан заншил, соёл, шашин шүтэх ёсыг хэвээр нь үлдээдэг байсныг бид түүхийн сурвалжуудаас харж болно. Өөрөөр хэлбэл засаг солигдсон ч улс төр нийгмийн амьдрал нь хэвээр үлдэнэ гэсэн үг. Глобалчлалыг эрдэмтэд Чингис хаантай холбон тайлбарладаг. Миний бодлоор хүмүүсийн ойлголцлын түвшин нэмэгдсэн, бүх төрлийн тээвэр хөгжсөн, үндэстэн дамнасан корпорациуд эдийн засгийг тодорхойлж байгаа тийм цаг үед бид амьдарч байна. Одоо цаг үеийг глобалчлагдсан дэлхий ертөнц гэж ойлгож болохоор. АНУ, НАТО, НҮБ, Европын холбоо, томоохон мафууд, Ротшейлд гэх мэт гэрбүл тэдний гар хөл бологсдыг би энэхүү эссендээ барууныхан хэмээн тодотгож байна. Монгол улсад эдгээр бүх байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Энгийн нүдээр АНУ бол Монгол улсын сайн түнш бөгөөд мянганы сорилтын сангаараа дамжуулан тусламж үзүүлдэг, тус улсын хүмүүнлэгийн байгууллагууд маш их буянтай үйлс хийдэг, томоохон компаниуд нь уул уурхай, аж үйлдвэр гээд маш олон хөрөнгө оруулалт хийсэн тийм ахан дүүсийн барилдлагатай гэж хэлж болохоор улс. “Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” үнэгүй зүйл байхгүй. НАТО болон НҮБ-ын цэргийн ажиллагаанд Монгол улс энхийг сахиулах үйл ажиллагаанд цэргээ оруулсаар удлаа. “Бусдын хэрэгт хошуу бүү дүр” учир нь тэд энэ улсуудыг сүйрүүлээд улс орных нь ёс заншил, өв уламжлалыг нь уландаа гишгэж, томоохон ордуудыг нь өөрсдийн болон өөрийн ашиг сонирхолд тохирдог компаниудад өгчихсөн. Ирак, Афганистанд хүүхэд үхэж, төрж өссөн газар нутгаасаа хүмүүс дүрвэж байна. Сири, Ливан, Украйнд юу болсныг бид харж л байгаа. Улс орныг нь бусниулж газар шороог нь булааж, хүн амыг нь дээрэмдсэн дээрэмчдээс цусан өшөө авч буй баатруудыг нь тэд террористууд гээд нэрлэчихсэн. Монгол улс яг ийм байдалд ороогүй ч тийм л замаар явж байна. Адилхан жишээ байна газар шороогоо хамгаалсан “Гал үнэдсний холбоо”-ны тэргүүн нь хаана байгааг бид мэднэ. Тусламж, бонд, зээлээр эдийн засаг явсаар нэг л мэдэхэд дампуурахад газар нутгийнхаа тодорхой хэсгийг алдахад хүрнэ. Цахим ертөнц хөгжсөн, мэдээллийн эрин зуунд бид хөл нийлүүлэн алхаж байгаа нэг талаараа. Өвөг дээдэс амиараа хамгаалсан Халхын голын сав газрыг Хятад улсад өрөнд өгөх гэж байна. Нэг юм анзаарсан бол та бидний бүх сурах бичгийг барууны эрдэмтдийн номноос орчуулсан, эх сурвалжийг нь авсан байгаа. Энэ хичээл ч ялгаагүй тийм байх. Далантай өвгөн далан улаан үхэртэй, далиу улаан бухтай, далан давхар харвинтай мангастай наймаа хийдэг ардын аман зохиолын философи сэтгэлгээг ойлгоогүй түүнийг бизнес ухаан гэж үзэхгүй байгаа болоод л бид бүх үнэт зүйлээ алдан наймаа хийдэг биз.
Төгсгөл.

                2015 он. Монгол улс. Бид дэлхий дээр хаана ч байхгүй өв уламжлалтай, ард түмэн нь 5 салаад өөр улсуудад дарлагдаж байхад тайван суудаг тийм л улс. Ажилгүйдэл нэмэгдсэн инфляци өндөртэй, гаргасан бонд нь үнэгүйдсэн, газар шороогоо түрэээслэсэн, ядуурал маш их, эдийн засаг нь дөнгөж мөлхөж байгаа хэзээ ч хамаагүй дампуурахад бэлэн тогтолцоон дээр бид байна. Барууныхан хожоод яагаад бид хожигддог вэ гэхээр тэдний тоглоомоор тоглоод байгаа болохоор л тэр. Гадаад далайн захад байдаг мангастай яаж үзэхээ Монгол суу ухаан сэрсэн цагт л ойлгоно. Барууныханд дунд хуруу өгсөн улс аз жаргалтай өөртэй итгэлтэй хичнээн хэцүү байлаа ч гудамжиндаа орилж, бие биенээ хайраар тэвэрч байсан Грек улс хамгийн ойрын жишээ. АНУ бол улс харин үндэстэн биш. Ардчилал гэдэг зүйл чинь 13-р зуунд Монголд байсныг дэлхий мэднэ. Одоо хүртэл шашны мөргөлдөөн гарсаар байгаа өнөө цаг үе хөгжсөн байна уу? Олон шашин нэг дор нэг тугийн дор эв нэгдэлтэй оршин байсан тэр үе үү? Эцсийн эцэст аливаа улс өөрийн ёс заншил өв уламжлалаа хадгалахыг хичээнэ. Глобалчлал, дэлхийн нэг хэл, нэг үзэл санаа, нэг дэлхий энэ бол мянгуужингийн үлгэр. Нэгдсэн нь тэдний боол болоод үхэж үрэгдээд дүрвэж зугтаад улс оронгүй “дэлхийн иргэн” болно. Харин би Монгол улсын иргэн баймаар байна. Үр хүүхдээ ч энэ улсын иргэн байлгамаар байна. 

Thursday, April 25, 2013

Ухаалаг тэмдэглэл

Анхандаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг байлаа. Тэр өдрийн бүх зүйлээ л бичнэ, үйл явдал, сэтгэл хөдлөл, үр дүн гээд л бичээд байна. Өдөр болгон адилгүй, зарим өдрийн аймшигийг дахин амьдруулан дэвтэртээ буулгана. Бичээд л байна бичээд л байна. Зарим өдөр дэвтэртээ уураа гаргахгүй бол нойр хүрэхгүй. Хааяа өмнөх дурсамжаа уншиж байтал гуниг сэргэнэ, үйл явдлыг төсөөлнө. Уур ч хүрнэ. Оюутан болоод өдрийн тэмдэглэлээ шатаасан юм. Сүүлийн удаа уншихад би ямарваа нэгэн хүнд гомдох, уурлах үедээ маш их зүйл бичдэг байсан байгаа юм. Түүний оронд би байсан бол ингэхгүй байлаа гэх мэтээр. Харин аз жаргалтай агшин их цөөн байлаа. Нэг зүйл бичдэг байж байгаад болихоор мэдээж нөгөө орон зай нь үгүйлэгдэнэ. Тэгээд ямар ч байсан нэг дэвтэр нээсэн. Надад их гоё санаа орж ирсэн юм, одоо бодоход. Би хүнээс баярлалаа гэдэг үг сонсох бүртээ тэр тухай тэмдэглэлийн дэвтэртээ бичдэг болсон. Яг яагаад тэр хүн баярлалаа гэж хэлсэн, би юу хийсэн зэргээ бичнэ дээ. Их зугаатай байлаа... Энэ тэмдэглэл надад өөрчлөлт авчирсан, учир юу гэвэл би баярлалаа гэдэг үг сонсох гэж хүнд тустай зүйл хийдэг болсон юм. Анхандаа үйл хөдлөл өөрчлөгдөж аажимдаа үзэл бодол өөрчлөгдөж байсан байх. Ер нь л үзэл бодол арай аймар өөрчлөгдөж байсан. Энэ хүнд туслах ёстой, энэ хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд би юу хийх вэ? Мэдээж хүнийг уншдаг болж байлаа. Ингэвэл энэ хүнд таалагдана даа гэдгийг бараг зөнгөөрөө мэдэрч эхэлсэн. Мэдээж охидуудад үс чинь сайхан харагдаж байна, өнөөдөр чи гоё хувцаслажээ гэх мэтээр хэлэхэд хариулт нь баярлалаа байдаг. Хичээлдээ явж байхдаа гарц дээр ахмад настай хүн байвал түшээд гаргаж өгөхийг эрмэлзэнэ. Ахмад хүмүүс баярлалаа гэдэг үгийг харамгүй хэлнэ. Миний тэмдэглэлийн дэвтэр зузаарсаар. Хүнд тусална, хичээлийг нь хийж өгнө, зарим үед хоолонд даана... Баярлалаа-гийн араас хөөсөөр байгаад энэ үгийн үнэ цэнийг алдагдуулж байгаагаа мэдэрсээр байсан. Зарим үед бялдууч ч гэмээр үйлдэл гаргаж байгаадаа өөрөөсөө ичиж эхэлсэн. Энэ тэмдэглэл надад их зүйл өгсөн ч надад байсан тэр нэгэн нандин чанаруудаас аваад байх шиг. Өөрөө бол би надад урам зориг өгдөг гэдэг утгаараа баярлалаа гэдэг үгийг харамгүй хэлнэ. Их бага гэлтгүй надад ирж байсан нөлөөлөлд тэр үгийг харин ч нэг хэлж өгнө. Маш их баярлалаа, үнэхээр их баярлалаа, гялаалай, танк ю, ёстой баярлалаа, баярлалаа... Урьдны би-гээс илүү хүн болсон нэг талаар гэхдээ л өөрөөрөө байх боломжоос минь алдагдуулж байсан учраас тэмдэглэлийн дэвтэртээ баярлалаа гэж хэлээд хөтлөхөө больсон. Дараагийн тэмдэглэл бол одоог хүртэл миний хөтөлж байгаа тэмдэглэлийн дэвтэр. Өдөр бүрийн хамгийн сайхан үйл явдал зураглалыг бичдэг дэвтэр. Энэ тэмдэглэл бараг хувьсал авчирсан юм даа. Сайн санаа сайн үг дагуулна. Сайн үг сайн үйлдэл үзүүлнэ. Сайн үйлдлээс сайн үр дүн гарна. Өнөөдрийн лекц амжилттай боллоо, ажлаа сайн хийсэн найзууддаа баяр хүргэе, сайхан ном уншлаа, гоё хөгжим сонслоо, сайхан хоолоор дайлсан найздаа баярлалаа гэх мэт маш цомхоноор бичнэ. Өдрийн онцлох зургаан мэдээллийг бичнэ. Сайн, сайхан, гоё, тааламжтай, баярлалаа гэх үгсийг түлхүү хэрэглэнэ. Энэ дэвтэрийг хөтөлж эхэлснээс хойш өөрчлөлт хамгийн ихээр ирсэн гэж би хувьдаа боддог. Ядаж л өдрийнхөө хамгийн сайхан зүйлийг шууд боддог дадалтай болж ирсэн. Муугийн талаар бодохгүй байна гэдэг сайхан. Үнэхээр гайхалтай өөрчлөлтүүд гараад зогсохгүй аз ивээгээд ч байгаа юм шиг мэдрэмж төрдөг дөө. Миний энэ бичвэрийг уншиж байгаа та ямарваа нэгэн тэмдэглэл хөтөлж байгаарай. Хэрэв хөтөлдөг бол илүү үр дүнтэй үр ашигтай болгоорой. Тэмдэглэлийн цаад мөн чанар нь ой ухааныг сайжруулаад зогсохгүй дараа уншиж анализ хийхэд ч бас болно. Нэг баяр хөөр тэр тэсэрсэн мэдрэмжийг дахиж уншихад яг л тэр хэвээрээ бодолд орж ирдэг. Дотроо инээнэ, зарим үед инээмсэглэнэ. Энэ сайхан мэдрэмж. Муу зүйлд анхаарал хандуулахаа болчихвол угаасаа сайн зүйл амжилт таныг хүрээлээд ирнэ дээ. Та хөтлөөд үзэхэд үр дүн аяндаа гарна. Ухаалаг тэмдэглэл.

Tuesday, April 16, 2013

Гарц үгүй

Яг одоо л... Сэтгэл ийм тэнүүн байх өдөр амьдралд хэр олон бэ? Тайван бас бахархал төрсөн өөрийнхөө дотоод сэтгэлийг бодохоор инээд хүрэх шиг. Бүр нэг цаанаасаа оргилоод байж сууж чадахгүй, тэгсэн мөртлөө энэ байдалдаа ингээд л байгаад баймаар. Олимпиадад ороод шагналын тавцан дээрээс медалиа зүүх агшин шиг, анхны цалингаа халаасандаа хийгээд гудамжаар тааваараа алхахад ямар гоё байдаг тэр л мөч шиг... Амьдрал баян юм даа... Зуны нэмэх 40 градуст баг зүүгээд, каскаа зүүгээд 2 давхар ажлын хувцсаа өмсөөд ажилдаа гардаг байлаа. Уурхайн гүн рүү дөхөж очиход нар мандаж, сэрүүн салхи зогсоно. Говийн нар хурцаар шарж, элсэн нүүрсээр шуурна гэвч бидний хэн нь ч шантрахгүй. Хөлс 2 давхар хувцсыг нэвтлэн ууршиж эхэлнэ, дараа нь хорсоно. Бүгд л ажиллана... бидэнд зорилго бий. Зарим хүн гэрбүлээ тэжээнэ, арматурчин ах эгчийнхээ эмчилгээний зардлыг олох эрмэлзэлтэй,мужаан ах 2 хүүхдийнхээ төлбөрийг олох ёстой. Надад харин миний хүсэл мөрөөдөл зорилго бий. Хамгийн залуу нь би байсан болохоор тэд нар минь их хайрлана. Биегүй болно, хамгийн гол нь эрүүл мэнд гэж ятгана. Жин цохиулна, халуурна, бэртэнэ... шантрана. Гэсэн ч зорилго хамгийн чухал... Дараа жил говийн нар нүүрс үнэхээр зүрхэнд орсон байв. Тиймээс зам дээр ажиллах болов. Говьд байсныг бодвол би амралтанд байлаа. Ардын эрх зуун айлын зам дээр. Ажил хөдөлмөр хүнийг яаж өөрчилж байгааг мэдэрч байсан, ачаалал таарч байсан болохоор 2 ээлжинд зэрэг ажиллав. Өглөөний ээлжтэйгээ 9-16 цаг хүртэл ажиллана, оройн ээлж 7-с замын гэрэл унтартал ажиллана. Замыг хурдан ашиглалтанд оруулах ёстой, бүтээн байгуулалт тасралтгүй, цаг наргүй сайхан үе байв. Гай газар доороос нөгөө компаний инженерийг манай инженер индүүгээр дайрчихав. Хүний амьдрал ямар хэврэг болохыг нүдээр үзэж айдас хүрж байсан. Цалин бодогдоход сард 46 хоногтой гарваа. Бас л урамшина шүү дээ. Зам ашиглалтанд орлоо, явган хүний замын хавтан цохиж сурлаа. Манаач ажлаасаа гарсан тул өдөр нь ажиллаад шөнө нь манаач хийдэг болов. Зорилгынхоо талд... Дараа жил дахиад говь руу учир нь мянганы замын ажил авсан байлаа. Хуучин ажилтан сайн ажилтан, индүү барьж сурлаа. Говь бас байдгаараа Өмгөговийг бодвол арай гайгүй шүү Дорноговь. Өглөө ажилдаа гараад индүүдэх метрээ аваад л индүүдэж гарна шүү дээ. Өдөрт 5 литр цай ууна, хөөрхий бөөрөө ч нэг зовоосон доо. Сайн нөхөд сайхан нөйзууд энд л би. Эксковаторчин, автогрэдр, ковш, том тэрэг машин байрьдаг хүмүүс, лаборатори, геодизийн ажилчид амьдралын төлөө зүтгэж байгаа юм. Дөнгөж ажил хийж эхэлсэн миний толгойд их юм орно шүү дээ. Индүү их удаан, мянганы замын босоо тэнхлэгт миний индүүдэж тэнцүүлсэн 20 км газар бий... Зорилго зорилго... Дараагийн жил барилга дээр ажиллахаар сэтгэл шулуудав. Дахиж говийн өвчнөөр өвдөхгүй гэсэндээ. Хэд хоног суулгаад ирэхээр над мэтийн паартай байранд өссөн хүмүүс сүг болно шүү дээ. Барилга баригдсаар, ажилласаар. Барилга дээр бол надаас дүү хүмүүс ч ажиллаж байсан, цалин хүчний ажил гэсэндээ урьдах хийж байсан ажлуудаас нэг их дор биш. Их юм сурч байлаа, шавар шохойны ажил, бетон цутгах, мужааны энгийн ажлуудыг. Паркетэн шалны мастер л болсон юмдаг. Мэдээж хүн ажиллаж байгаа болохоор ядрана аа. Ядрахын хэрээр толгойд юм ороод л байсан юм даг. Зорилгын эцэс... Энэ хугацаанд мэдээж тэмцээн уралдаанд орж, эрдэм шинжилгээний бага хурал зэргээс байр эзлээд л байсан. Нэг жил нь шилдэг оюутан болсон санагдана. Харин одоо сүүлийн жил би төгсөх гэж байна. Аавын хэлсэн үг санаанаас гардаггүй юм. Товчилбол аав ээжийн үед сургууль соёл үнэгүй адаглаад нэг гэрт ороход байр сууц гэж зовохгүй хамаг зүйл нь болдог байсан. Одоогийн залуучууд харин их хичээх хэрэгтэй болж байна... Барилга дээр ажиллаж байхад байр ашиглалтанд орж байсан үе их тод үлдэж. Сүүлийнхээ байрны бүх зүйлийг хийж дуусаад түлхүүр хүлээлгэж өгөхдөө тэр байранд тамхи татаад сууж байлаа. Ийм байртай болохын тулд их хөдөлмөрлөнө дөө. Залуу хүний боддог бодлын нэгийг л бодож байлаа. Байртай болчуул... Ажил дуусах болгонд хөдөө гэртээ хэд хоног амрах гэдэг диваажин байсан даа...Өөд болсон өвөөгийн минь ахмад дайчин байсныг хүндэтгэн улсаас байр олголоо. Манай хамаатан садан ах дүүс ярилцаж байгаад надад өгөх болсныг дуулаад ямар их баярлав. Тэр байранд анх ороод үнэхээр догдолж хэсэг чимээгүй суусан даа. Тэр байр яг миний барилга ашиглалтанд оруулаад дотор нь тамхи татаж байсан байртай яг адилхан байр байлаа. Уйлсаан уйлсан. уйлдаг юм байна лээ... Одоо сургуулиа төгсөөд шууд цэрэгт явна шийдсэн.

Tuesday, April 9, 2013

Урьд насандаа учраагүй хосын шүлэг

Гурван зууны тэртээх гунихын завгүй насаа
Гуйгаад уйлаад ирээгүй эмзэгхэн хувь заяагаа
Цав цагаахан сар шиг хайрлахдаа л хайрлана
Цаг хугацааны хаанаас ч олохдоо л олно

Үлгэр төгсөх нь гуниг эхлэх агшинд зурагдсан
Үйлтэй хорвоогийн данснаас тавилангаа хасмаар санагдана
Үүлсийн дүрээр төөргөө зурах миний хүсэлд
Үл мартахын хараал мэт гунигт дурсамж шингээстэй

Өнгөрснийг одоод авчран ирээдүйг зөгнөх зүүд
Өнөөдрийг маргаашаас холдуулсан гунигт бодлууд
Дахин дахин давтагдах аймшигт тэр хагацал
Дараа төрөлд минь ч дахиад үргэлжлэнэ

Гүнж номин тэнгэрийн дор гүн хөх тэнгисийн дээр
Хагацлын сүүдэрт дайруулсан эмзэгхэн хайр минь
Хар дарсан зүүд мэт энэ амьдралын нугачаанд
Харах нүднээ холдон зүүдний алсад төөрнө

Мянга мянган шөнийн тэртээд зочилоход
Миний зүүдний бяцхан ертөнц амилан
Аяс аясын салхиар дурсамжаа дамжуулж
Амьдралын хүрдийг ирээдүй рүү эргүүлнэ

Өнгөрсөн үеийн хүлээлт өнөөдөрт үргэлжилж
Өглөө үдэш орой зөвхөн түүнийгээ л хүлээж
Хүлээсэн өдрүүдийн гуниглалын тоогоор
Хүсэл мөрөөдөл минь хүлээстэй байлаа

          Үүлс нүүж бороо арилтал чамайгаа хүлээнэ
          Үхэл ирж амьдрал зогстол ганцхан чамайг хүлээнэ

Амьдралын эрч хүчний талаар- Гэгээрэл өөд

Нүдээ аниад хязгааргүй амар амгаланг өөрийн оршихуйдаа бүтээх. Эндээс л бүх зүйл эхэлсэн. Ямар ч бодолгүй, ямар ч мөрөөдөлгүй, ямар ч айдасгүй, ямар ч зовлонгүй оюун ухаанаа бүрэн чөлөөлж жингүйдэлд орон, өөрийн бие болоод сэтгэл санааг ариусган суух тэр л ертөнц. Анх би зөвхөн өөрөөсөө хайсан тэр зүйлээ нэг л мэдэхэд орчлон ертөнцөөс хайж эхэлсэн. Ерөнхийдөө би бясалгах дуртай болж байсан юм уу даа 4 жилийн өмнө юм байна. Зөвхөн өөрийн зөн совингоор анх удаа завилан суугаад нүдээ аниад нэг зүйлийг бодсон. Хамгйн гол нь анхаарлаа төвлөрүүлэх гэж бодож байв нэг одыг өөрийн сэтгэлдээ харж түүний талаар бодоод байлаа. Аажимдаа эргэлдэж эхэлсэн, тэр одыг бясалгах бүртээ хардаг болсон. Нэг удаа тэр одны эргэлдсэн байдалдаа төстэй зүйлийг харсан нь арга билиг тэмдэг байв. Ингээд арга билиг тэмдэгийг олж авсан. Хүн ямарваа нэг зүйлийн эрэлд гараад хайсан л бол заавал үр дүн гардаг. Миний анхны бясалгал их цаг авдаг үр дүн муутай байж байсан болох ч би энэ бясалгалдаа хамгийн хайртай. Дараагийн жилдээ арга билиг тэмдэгийг агаарт зурж бясалгал хийдэг болсон тэр тэмдэгийн маш олон задаргаа миний тархи оюун бодолд эргэлдэх болсон. Гайхалтай зүйлсийг ч мэдэрч эхэлсэн. Бясалгаж эхэлснээс хойш өөрийн зан чанарт хэд хэдэн томоохон өөрчлөлт гарсан бөгөөд уур уцаар төрөх нь багасч аажимдаа уурлахгүй болох шинжтэй болсон. Маш тайван болж байсан юм даа. Яг л энэ үеэс ном уншиж эхэлсэн. Хэдэн ном уншсан юм бүү мэд, галзууртлаа ном уншиж эхэлсэн. Уран зохиол, утга зохиол, гарын авлага гээд л бүгдийг нь. Нэг л мэдэхэд энэ сонирхол маань шунал болж байгааг анзааран өөртөө дүгнэлт өгсөн. Энэ шатанд миний бясалгал харин нэг зүйлд төвлөрөх биш оргүй хоосонд шилжих тийм чанарын болсон. Анхны оролдлогоор л маш их урам авч ингэж бясалгаж эхэлсэн. Цэвэр өөрийн бодлоор ийм нэгэн бясалгалын амтанд орсон. Ямартаа ч өдөржин шөнөжин ном уншихаа болисон юмдаг. Өөрийн дотоод хүнтэйгээ ярилцах тал дээр бясалгал томоохон дэвшил авчирсан. Одоо ингээд бодоход зарим зүйлийг мартахын тулд, зарим амжилтыг бататгахын тулд бясалгалыг би илүү нухацтай чамбай хийх болсон. Нэг ёсны өөртөө оюун бодол эмчлэх эмчилгээ явуулж байна уу гэлтэй. Зарим нэг тал дээр бусдаас өөр болж байгаагаа анзаарч байлаа. Гэхдээ сайн талаараа л даа. Гуравдахь жилдээ би өөрийн биеээс гадна бас нэг өөр биет мэдрэх болсон. Энэ нь надад маш том нээлт том баяр байлаа. Гараа өөрийн биедээ хүргэхгүй хол зайнаас хүрч чаддаг болсон гэх юм уу даа. Ямар ч байсан 2 арьсны дунд нэг юм байгааг анзаарсан бөгөөд энэ нь мэдээж миний биеийн хэсэг байв. Яг энэ үедээ юм даа санаандгүй гэрлийн өргөөнд очсон бясалгалын мастер багштай таарсан. Аурогоо хэмжүүлж үзэхэд бусдаас арай өөр илүү том байсанд олзуурхсан, бас өөрийн тэр нууц бясалгалдаа улам хайртай болж байлаа. Өргөөнийхөө Галт удганаас тэрхүү бясалгалыг сурахаар шавь орсон юм. Шинээр хичээллэх бясалгалыг Рейки гэж хүмүүс ярина. Хамгийн гайхсан зүйл бол арга билиг тэмдэгт "бяргаа" гэж тэмдэг байдаг. Энэ тэмдэг Рейки буюу амьдралын эрч хүч бясалгалд байсан юм. Яг адилхан, хүмүүсийн хурууны хээ, толгойны эргүүлэгт байдаг шиг тэмдэг гэж ойлгож болно. Миний үздэг хүүхэлдэйн кинонд бас энэ тэмдэг байлаа. Ингээд л тасралтгүй бясалгаж эхэлсэн. Рейки гурван шаттай харин би дөнгөж эхний шатыг нь авсан юм. Нэг өдрийн амгалан мянган жаргалын үүд гэдэгчлэн энэ бясалгал надад маш их таалагдаж байсан. Багш өөрөө надад нэг ном бэлэглэсэн тэр номыг нь уншаад, бясалгалаа хийсээр одоо 5 сар болж байна. Гайхалтай гэхээс өөр зүйл орж ирэхгүй байгаа юм. Хүний амьдрал болоод сэтгэхүйг бүрэн өөрчилж чадах тийм л бясалгал байлаа. Одоо би 2-р шатандаа сурахаар шийдсэн байгаа. Магадгүй танд амьдралд чинь нэг удаа болов бясалгаж үзэх санаа төрсөн бол тэр санаагаа услан ургуулж рейкигээр хичээллээд үзнэ үү гэж зөвлөх байна. Үйлийн үрийн түвшинд яригдах энэ бясалгалын цар хүрээ хэмжээлшгүй мэт санагдсан. Миний мэдэрсэн зүйл бол эрүүл бие, эрүүл ухаан, амар амгалан байлаа. Үнэн бол энэ бясалгал хүн бүрт хэрэгтэй. Өөрийн эрхгүй л хайр ундраад байдаг юм даа дотроос. Нууц бясалгал энэ хоёрт би хоёуланд нь талархалтай ханддаг. Учир нь энэ 2 хоёулаа амьд.

Өвөөгийн түүх - Миний бахархал-Агуу амьдрал

Миний өвөө 1924 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын 9-р багийн нутаг Хужирбулан гэдэг газар ядуу малчин ард Жамъянгийн 3-р хүү болон төрсөн билээ. Бага залуудаа эцэг эхийнхээ гар дээр хүмүүжиж байгаад 1942 онд сумын төвд төвд, хуучин, шинэ монгол бичиг суран эрдмийн гараагаа эхэлсэн. Өвөөгийн ярьж байснаар бичиг үсэг сурсан хүн их ховор байсан цаг, тэгээд өвөө маань 2 жил нутаг усныхаа багийн засаг дарга хийж байгаад 1944 онд цэргийн албанд татагдаж, хилийн цэргийн Халх голын 24-р отрядын 2-р сумангийн 5-р заставт хилчнээр очсон бөгөөд тухайн оныхоо 11 сард отрядынхаа төвд бага даргын сургуульд сурч онц дүнтэй төгсөн өөрийн алба хааж байсан ангидаа ирэн ахлах цолтой жагсаалын даргаар ажиллаж байгаад 1945 оны чөлөөлөх дайнд оролцож тагнуулын үүрэг гүйцэтгэж явсан юм. Өвөөгийн тагнуулийн групп Өвөр Монголын Манжуур, Барга, баруун, зүүн Сөнөд зэрэг нутгаар тагнах ажиллагаа явуулж гадаадад оргон зайлсан дотоодын цэргүүдийг барьж отряддаа хүргэдэг байж. Тухайн алба хашиж байх хугацаандаа "Онч хилчин" тэмдгээр шагнуулсан гавьяатай юм. 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор хилийн цэргийн 20 хүний бүрэлдэхүүнд багтаж 1000 гаруй км газрыг мориор туулан Мэнэнгйн талд төөрч хэд хоног усгүй амь эрсдэх шахан явж Улаанбаатар хотод ирээд марш тактикийн тэмцээнд морин сургууль буудлага  зэрэг арав гаруй төрлийн тэмцээнд орж өвөөгийн отряд нэгт 1-р байр эзэлсэн бөгөөд манай өвөө өөрийн оролцсон буудлагын тэмцээнд онох ёстой бүх байг онож, 30 оноо аван "Онц буудагч"тэмдгээр шагнуулсан бас нэг бахархалтай. Тухайн жилдээ Японы милитаристуудаас эх орноо хамгаалж явсан гавьяаг нь үнэлж төр засгаас БНМАУ , ЗХУ-ын "Бид ялав" медалиудаар шагнуулсан юм. Ингээд Дотоод Яамны төв сургуульд суралцах хуваарь ирсэнд шалгалтанд орон тэнцсэн цөөн хүмүүсийн тоонд багтан уг сургуульд 3 жил суралцан 1949 онд Дотоод явдлын сайдын тушаалаар дэслэгч цолтой болж, хилийн цэргйн 31-р отрядын Хагнуурын заставын даргаар нэг жил ажиллаад, дараа нь Замын-Үүдийн 12-р отрядын 13-р заставын даргаар ажиллаж байгаад улс эх оронд энх тайван цаг ирсэн гэж үзээд застав нь татан буугджээ. Үүний дараа Үйлдвэрийн яамны харьяанд шилжиж Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уурхайд бригадын даргаар ажиллаж байгаад, 1956 онд анхны жолооны курст төгсөгчдийн эгнээнд багтан жолооч болж Гадаад явдлын яамны баазад томилогдон жолоочоор ажиллаж байгаад 1961 онд эвлэлийн илгээлтээр томилогдон Угтаалын сангийн аж ахуйд гарашийн дарга ажлыг 1972 он хүртэл хийж байгаад, өөрийн хүсэлтээр өөрийн төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд түргэний тэргэний жолоочоор нэг жил ажиллажээ. Өвөө ийм л хүн байсан байгаа юм. Өвөө дайн тулаанд оролцож явсан үеээ, тулалдаануудынхаа талаар их дэлгэрэнгүй ярьдаг байсан боловч тагнуул хийж байсан үеийнхээ тухай бол барагтаа ярьдаггүй байлаа. Ингээд 1973 онд Эрдэнэтийн их бүтээн байгуулалтанд сэтгэл шулуудан ирж, Зөвлөлтийн авто тээврийн байгууллага, Худалдааны газар , 35-р бааз, Уулын баяжуулах үйлдвэр зэрэг анх үүсгэн байгуулахад гар бие орлцож явсан бөгөөд 1984 онд гавьяаныхаа амралтанд гарчээ. Улс орондоо тасралтгүй 50 жил малчин, жолооч, тагнуулч, цэргийн дарга, хилчин, бригадын дарга, багийн засаг дарга зэрэг ажлуудыг нэр төртэй гүйцэтгэж иржээ. Цагаан сараар хотын засаг дарга, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд ирж золгодог байсан. Өвөө минь Эрдэнэт хотын хүндэт иргэн эгэл жирийн агуу хүн байсан юм.
Өвөөгийн эх орон ард түмнийхээ төлөө тэмцэж, ажиллаж байсан хичээл зүтгэлийг үнэлж, БНМАУ, ЗХУ-ын "Бид ялав" медалиуд, Жуковын медаль, Японы милитаристуудыг ялсны 30 жилийн ойн медаль, Зэвсэгт хүчний 50, 60, 70 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд, Монгол улсад тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж явсныг нь үнэлж "Ахмад дайчин" цол тэмдэг, Эрдэнэт хотын илгээлтйин эзэн тэмдэг, Эрдэнэт хотын хүндэт иргэн цол тэмдэгээр шагнажээ. Өвөө минь 2009 оны хавар тэнгэртээ гарсан бөгөөд өвөөгийн амьдралд миний хувьд нэр төр, бахархах бахархал, цаашлаад үр хүүхдэд минь домог болох тийм л агуу түүх билээ.