Monday, April 1, 2013

Арга билиг тэмдгийн тухай

  • Арга билиг тэмдэг бол мөнхийн хөдөлгөөний бэлгэдэл юм. Аливаа зүйл 2 талтай байдаг. Арга билиг тэмдэгийн нэгдэх утга бол энэ бөгөөд өдөр шөнө, эр эм, халуун хүйтэн, нар сар, жаргал зовлон, хайр харуусал, дайн ба энх .....гэх мэт энэ дэлхий дээрх түгээмэл нэг ухагдахууны хосломол шинж чанарыг өөрийн энэхүү тойрогтой багтаасан байдаг. Хар дотор цагаан, цагаан дотор хар байх утга нь нэг нэгнээсээ зайлшгүй хамааралтай болох утгыг илэрхийлнэ. Маш товчоор хэлбэл арга билгийн нэгдэх утга зохилдохуй/шүтэн барилдах/ юм.
  • Арга билиг тэмдэг бол орчлон ертөнцийн бүхий л хэлбэрийг өөртөө багтаасан байдаг.  Молекулын бүтцийн хувьд ч адил бөгөөд цөм болон электрон түүний хөдөлгөөний бэлгэдэл байдаг. Цаашлаад эсийн түвшинд ч гэсэн арга билгийн мөнхийн эргэлдэх хөдөлгөөнөөр тайлбарлаж болох бөгөөд дэлхийн бүтэц бол арга билгийн цогц юм. Эргэлдэх хөдөлгөөний хувьд нар зөв эргэх бөгөөд нарны аймгийн хөдөлгөөн цаашлаад манай галагтикийн бүтцийн мөн чанар арга билиг тэмдэгт бий. Оргүй хоосноос хэмжээлшгүй агуу зүйл хүртэлх бүх л биетүүд арга билиг тэмдэгт багтана.
  • Арга билгийн дараагийн тайлбар бол ухаан болон ухамсрын ойлголт. Аргын ухаан, билгийн ухаан 2 хослон байж төгс төгөлдөрийг/арга билиг/ бүтээх аргаа барахын цагт билгийн ухаан сэрдэг гэсэн үг байдаг. Билгийн ухаан шавхагдахын цагт аргын ухаан дийлдэг гэдэг үг бий. Зөвд зөөлөн бурууд хатуу байх гэдэг ардын үг үүнтэй холбоотой. Арга билгийн хар цагаан дүрс багаас их рүү эргэлдэх хөдөлгөөнтэй байх ба энэ өөрийн дэс дараа болон ухаарах, санах, сэрэх, өсөн нэмэгдэхийн бэлгэдэл болоод зогсохгүй цаашлаад шинэчлэл, хувьсал, зогсолтгүй эргэх амьдралын хүрдийг санагдуулна. 
  • Туйлын ойлголт болохын хувьд зовлонгүй жаргал, жаргалгүй зовлон үгүй. Шөнийн дараа нар мандах шиг, өвлийн дараа зун болно. Сайнгүй муу, муугүй сайн нь үгүй. Муу хүмүүс байдаг болохоор л бид тэднээс сайн хүмүүсийг ялгаж чаддаг. Өдөр боддог бол шөнө зүүдэлдэг. Өглөө манддаг бол орой жаргадаг. Мөнхийн хөдөлгөөн болохын хувьд эхэлсэн зүйл дуусах хэдий ч дахин дахин давтагдах гагцхүү чин үнэн энэ тэмдэгт бий. Аргын ухаанаар хүн үхсэн хэдий ч үр хүүхэд нь цаашаа амьдарч энэ хүрдийг эргүүлнэ. Билгийн ухаанаар бол хүн үхсэн ч сүнс нь мөнхөд амьдрах болно. 

2 comments: