Thursday, April 25, 2013

Ухаалаг тэмдэглэл

Анхандаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг байлаа. Тэр өдрийн бүх зүйлээ л бичнэ, үйл явдал, сэтгэл хөдлөл, үр дүн гээд л бичээд байна. Өдөр болгон адилгүй, зарим өдрийн аймшигийг дахин амьдруулан дэвтэртээ буулгана. Бичээд л байна бичээд л байна. Зарим өдөр дэвтэртээ уураа гаргахгүй бол нойр хүрэхгүй. Хааяа өмнөх дурсамжаа уншиж байтал гуниг сэргэнэ, үйл явдлыг төсөөлнө. Уур ч хүрнэ. Оюутан болоод өдрийн тэмдэглэлээ шатаасан юм. Сүүлийн удаа уншихад би ямарваа нэгэн хүнд гомдох, уурлах үедээ маш их зүйл бичдэг байсан байгаа юм. Түүний оронд би байсан бол ингэхгүй байлаа гэх мэтээр. Харин аз жаргалтай агшин их цөөн байлаа. Нэг зүйл бичдэг байж байгаад болихоор мэдээж нөгөө орон зай нь үгүйлэгдэнэ. Тэгээд ямар ч байсан нэг дэвтэр нээсэн. Надад их гоё санаа орж ирсэн юм, одоо бодоход. Би хүнээс баярлалаа гэдэг үг сонсох бүртээ тэр тухай тэмдэглэлийн дэвтэртээ бичдэг болсон. Яг яагаад тэр хүн баярлалаа гэж хэлсэн, би юу хийсэн зэргээ бичнэ дээ. Их зугаатай байлаа... Энэ тэмдэглэл надад өөрчлөлт авчирсан, учир юу гэвэл би баярлалаа гэдэг үг сонсох гэж хүнд тустай зүйл хийдэг болсон юм. Анхандаа үйл хөдлөл өөрчлөгдөж аажимдаа үзэл бодол өөрчлөгдөж байсан байх. Ер нь л үзэл бодол арай аймар өөрчлөгдөж байсан. Энэ хүнд туслах ёстой, энэ хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд би юу хийх вэ? Мэдээж хүнийг уншдаг болж байлаа. Ингэвэл энэ хүнд таалагдана даа гэдгийг бараг зөнгөөрөө мэдэрч эхэлсэн. Мэдээж охидуудад үс чинь сайхан харагдаж байна, өнөөдөр чи гоё хувцаслажээ гэх мэтээр хэлэхэд хариулт нь баярлалаа байдаг. Хичээлдээ явж байхдаа гарц дээр ахмад настай хүн байвал түшээд гаргаж өгөхийг эрмэлзэнэ. Ахмад хүмүүс баярлалаа гэдэг үгийг харамгүй хэлнэ. Миний тэмдэглэлийн дэвтэр зузаарсаар. Хүнд тусална, хичээлийг нь хийж өгнө, зарим үед хоолонд даана... Баярлалаа-гийн араас хөөсөөр байгаад энэ үгийн үнэ цэнийг алдагдуулж байгаагаа мэдэрсээр байсан. Зарим үед бялдууч ч гэмээр үйлдэл гаргаж байгаадаа өөрөөсөө ичиж эхэлсэн. Энэ тэмдэглэл надад их зүйл өгсөн ч надад байсан тэр нэгэн нандин чанаруудаас аваад байх шиг. Өөрөө бол би надад урам зориг өгдөг гэдэг утгаараа баярлалаа гэдэг үгийг харамгүй хэлнэ. Их бага гэлтгүй надад ирж байсан нөлөөлөлд тэр үгийг харин ч нэг хэлж өгнө. Маш их баярлалаа, үнэхээр их баярлалаа, гялаалай, танк ю, ёстой баярлалаа, баярлалаа... Урьдны би-гээс илүү хүн болсон нэг талаар гэхдээ л өөрөөрөө байх боломжоос минь алдагдуулж байсан учраас тэмдэглэлийн дэвтэртээ баярлалаа гэж хэлээд хөтлөхөө больсон. Дараагийн тэмдэглэл бол одоог хүртэл миний хөтөлж байгаа тэмдэглэлийн дэвтэр. Өдөр бүрийн хамгийн сайхан үйл явдал зураглалыг бичдэг дэвтэр. Энэ тэмдэглэл бараг хувьсал авчирсан юм даа. Сайн санаа сайн үг дагуулна. Сайн үг сайн үйлдэл үзүүлнэ. Сайн үйлдлээс сайн үр дүн гарна. Өнөөдрийн лекц амжилттай боллоо, ажлаа сайн хийсэн найзууддаа баяр хүргэе, сайхан ном уншлаа, гоё хөгжим сонслоо, сайхан хоолоор дайлсан найздаа баярлалаа гэх мэт маш цомхоноор бичнэ. Өдрийн онцлох зургаан мэдээллийг бичнэ. Сайн, сайхан, гоё, тааламжтай, баярлалаа гэх үгсийг түлхүү хэрэглэнэ. Энэ дэвтэрийг хөтөлж эхэлснээс хойш өөрчлөлт хамгийн ихээр ирсэн гэж би хувьдаа боддог. Ядаж л өдрийнхөө хамгийн сайхан зүйлийг шууд боддог дадалтай болж ирсэн. Муугийн талаар бодохгүй байна гэдэг сайхан. Үнэхээр гайхалтай өөрчлөлтүүд гараад зогсохгүй аз ивээгээд ч байгаа юм шиг мэдрэмж төрдөг дөө. Миний энэ бичвэрийг уншиж байгаа та ямарваа нэгэн тэмдэглэл хөтөлж байгаарай. Хэрэв хөтөлдөг бол илүү үр дүнтэй үр ашигтай болгоорой. Тэмдэглэлийн цаад мөн чанар нь ой ухааныг сайжруулаад зогсохгүй дараа уншиж анализ хийхэд ч бас болно. Нэг баяр хөөр тэр тэсэрсэн мэдрэмжийг дахиж уншихад яг л тэр хэвээрээ бодолд орж ирдэг. Дотроо инээнэ, зарим үед инээмсэглэнэ. Энэ сайхан мэдрэмж. Муу зүйлд анхаарал хандуулахаа болчихвол угаасаа сайн зүйл амжилт таныг хүрээлээд ирнэ дээ. Та хөтлөөд үзэхэд үр дүн аяндаа гарна. Ухаалаг тэмдэглэл.

No comments:

Post a Comment