Tuesday, April 16, 2013

Гарц үгүй

Яг одоо л... Сэтгэл ийм тэнүүн байх өдөр амьдралд хэр олон бэ? Тайван бас бахархал төрсөн өөрийнхөө дотоод сэтгэлийг бодохоор инээд хүрэх шиг. Бүр нэг цаанаасаа оргилоод байж сууж чадахгүй, тэгсэн мөртлөө энэ байдалдаа ингээд л байгаад баймаар. Олимпиадад ороод шагналын тавцан дээрээс медалиа зүүх агшин шиг, анхны цалингаа халаасандаа хийгээд гудамжаар тааваараа алхахад ямар гоё байдаг тэр л мөч шиг... Амьдрал баян юм даа... Зуны нэмэх 40 градуст баг зүүгээд, каскаа зүүгээд 2 давхар ажлын хувцсаа өмсөөд ажилдаа гардаг байлаа. Уурхайн гүн рүү дөхөж очиход нар мандаж, сэрүүн салхи зогсоно. Говийн нар хурцаар шарж, элсэн нүүрсээр шуурна гэвч бидний хэн нь ч шантрахгүй. Хөлс 2 давхар хувцсыг нэвтлэн ууршиж эхэлнэ, дараа нь хорсоно. Бүгд л ажиллана... бидэнд зорилго бий. Зарим хүн гэрбүлээ тэжээнэ, арматурчин ах эгчийнхээ эмчилгээний зардлыг олох эрмэлзэлтэй,мужаан ах 2 хүүхдийнхээ төлбөрийг олох ёстой. Надад харин миний хүсэл мөрөөдөл зорилго бий. Хамгийн залуу нь би байсан болохоор тэд нар минь их хайрлана. Биегүй болно, хамгийн гол нь эрүүл мэнд гэж ятгана. Жин цохиулна, халуурна, бэртэнэ... шантрана. Гэсэн ч зорилго хамгийн чухал... Дараа жил говийн нар нүүрс үнэхээр зүрхэнд орсон байв. Тиймээс зам дээр ажиллах болов. Говьд байсныг бодвол би амралтанд байлаа. Ардын эрх зуун айлын зам дээр. Ажил хөдөлмөр хүнийг яаж өөрчилж байгааг мэдэрч байсан, ачаалал таарч байсан болохоор 2 ээлжинд зэрэг ажиллав. Өглөөний ээлжтэйгээ 9-16 цаг хүртэл ажиллана, оройн ээлж 7-с замын гэрэл унтартал ажиллана. Замыг хурдан ашиглалтанд оруулах ёстой, бүтээн байгуулалт тасралтгүй, цаг наргүй сайхан үе байв. Гай газар доороос нөгөө компаний инженерийг манай инженер индүүгээр дайрчихав. Хүний амьдрал ямар хэврэг болохыг нүдээр үзэж айдас хүрж байсан. Цалин бодогдоход сард 46 хоногтой гарваа. Бас л урамшина шүү дээ. Зам ашиглалтанд орлоо, явган хүний замын хавтан цохиж сурлаа. Манаач ажлаасаа гарсан тул өдөр нь ажиллаад шөнө нь манаач хийдэг болов. Зорилгынхоо талд... Дараа жил дахиад говь руу учир нь мянганы замын ажил авсан байлаа. Хуучин ажилтан сайн ажилтан, индүү барьж сурлаа. Говь бас байдгаараа Өмгөговийг бодвол арай гайгүй шүү Дорноговь. Өглөө ажилдаа гараад индүүдэх метрээ аваад л индүүдэж гарна шүү дээ. Өдөрт 5 литр цай ууна, хөөрхий бөөрөө ч нэг зовоосон доо. Сайн нөхөд сайхан нөйзууд энд л би. Эксковаторчин, автогрэдр, ковш, том тэрэг машин байрьдаг хүмүүс, лаборатори, геодизийн ажилчид амьдралын төлөө зүтгэж байгаа юм. Дөнгөж ажил хийж эхэлсэн миний толгойд их юм орно шүү дээ. Индүү их удаан, мянганы замын босоо тэнхлэгт миний индүүдэж тэнцүүлсэн 20 км газар бий... Зорилго зорилго... Дараагийн жил барилга дээр ажиллахаар сэтгэл шулуудав. Дахиж говийн өвчнөөр өвдөхгүй гэсэндээ. Хэд хоног суулгаад ирэхээр над мэтийн паартай байранд өссөн хүмүүс сүг болно шүү дээ. Барилга баригдсаар, ажилласаар. Барилга дээр бол надаас дүү хүмүүс ч ажиллаж байсан, цалин хүчний ажил гэсэндээ урьдах хийж байсан ажлуудаас нэг их дор биш. Их юм сурч байлаа, шавар шохойны ажил, бетон цутгах, мужааны энгийн ажлуудыг. Паркетэн шалны мастер л болсон юмдаг. Мэдээж хүн ажиллаж байгаа болохоор ядрана аа. Ядрахын хэрээр толгойд юм ороод л байсан юм даг. Зорилгын эцэс... Энэ хугацаанд мэдээж тэмцээн уралдаанд орж, эрдэм шинжилгээний бага хурал зэргээс байр эзлээд л байсан. Нэг жил нь шилдэг оюутан болсон санагдана. Харин одоо сүүлийн жил би төгсөх гэж байна. Аавын хэлсэн үг санаанаас гардаггүй юм. Товчилбол аав ээжийн үед сургууль соёл үнэгүй адаглаад нэг гэрт ороход байр сууц гэж зовохгүй хамаг зүйл нь болдог байсан. Одоогийн залуучууд харин их хичээх хэрэгтэй болж байна... Барилга дээр ажиллаж байхад байр ашиглалтанд орж байсан үе их тод үлдэж. Сүүлийнхээ байрны бүх зүйлийг хийж дуусаад түлхүүр хүлээлгэж өгөхдөө тэр байранд тамхи татаад сууж байлаа. Ийм байртай болохын тулд их хөдөлмөрлөнө дөө. Залуу хүний боддог бодлын нэгийг л бодож байлаа. Байртай болчуул... Ажил дуусах болгонд хөдөө гэртээ хэд хоног амрах гэдэг диваажин байсан даа...Өөд болсон өвөөгийн минь ахмад дайчин байсныг хүндэтгэн улсаас байр олголоо. Манай хамаатан садан ах дүүс ярилцаж байгаад надад өгөх болсныг дуулаад ямар их баярлав. Тэр байранд анх ороод үнэхээр догдолж хэсэг чимээгүй суусан даа. Тэр байр яг миний барилга ашиглалтанд оруулаад дотор нь тамхи татаж байсан байртай яг адилхан байр байлаа. Уйлсаан уйлсан. уйлдаг юм байна лээ... Одоо сургуулиа төгсөөд шууд цэрэгт явна шийдсэн.

No comments:

Post a Comment