Tuesday, April 9, 2013

Амьдралын эрч хүчний талаар- Гэгээрэл өөд

Нүдээ аниад хязгааргүй амар амгаланг өөрийн оршихуйдаа бүтээх. Эндээс л бүх зүйл эхэлсэн. Ямар ч бодолгүй, ямар ч мөрөөдөлгүй, ямар ч айдасгүй, ямар ч зовлонгүй оюун ухаанаа бүрэн чөлөөлж жингүйдэлд орон, өөрийн бие болоод сэтгэл санааг ариусган суух тэр л ертөнц. Анх би зөвхөн өөрөөсөө хайсан тэр зүйлээ нэг л мэдэхэд орчлон ертөнцөөс хайж эхэлсэн. Ерөнхийдөө би бясалгах дуртай болж байсан юм уу даа 4 жилийн өмнө юм байна. Зөвхөн өөрийн зөн совингоор анх удаа завилан суугаад нүдээ аниад нэг зүйлийг бодсон. Хамгйн гол нь анхаарлаа төвлөрүүлэх гэж бодож байв нэг одыг өөрийн сэтгэлдээ харж түүний талаар бодоод байлаа. Аажимдаа эргэлдэж эхэлсэн, тэр одыг бясалгах бүртээ хардаг болсон. Нэг удаа тэр одны эргэлдсэн байдалдаа төстэй зүйлийг харсан нь арга билиг тэмдэг байв. Ингээд арга билиг тэмдэгийг олж авсан. Хүн ямарваа нэг зүйлийн эрэлд гараад хайсан л бол заавал үр дүн гардаг. Миний анхны бясалгал их цаг авдаг үр дүн муутай байж байсан болох ч би энэ бясалгалдаа хамгийн хайртай. Дараагийн жилдээ арга билиг тэмдэгийг агаарт зурж бясалгал хийдэг болсон тэр тэмдэгийн маш олон задаргаа миний тархи оюун бодолд эргэлдэх болсон. Гайхалтай зүйлсийг ч мэдэрч эхэлсэн. Бясалгаж эхэлснээс хойш өөрийн зан чанарт хэд хэдэн томоохон өөрчлөлт гарсан бөгөөд уур уцаар төрөх нь багасч аажимдаа уурлахгүй болох шинжтэй болсон. Маш тайван болж байсан юм даа. Яг л энэ үеэс ном уншиж эхэлсэн. Хэдэн ном уншсан юм бүү мэд, галзууртлаа ном уншиж эхэлсэн. Уран зохиол, утга зохиол, гарын авлага гээд л бүгдийг нь. Нэг л мэдэхэд энэ сонирхол маань шунал болж байгааг анзааран өөртөө дүгнэлт өгсөн. Энэ шатанд миний бясалгал харин нэг зүйлд төвлөрөх биш оргүй хоосонд шилжих тийм чанарын болсон. Анхны оролдлогоор л маш их урам авч ингэж бясалгаж эхэлсэн. Цэвэр өөрийн бодлоор ийм нэгэн бясалгалын амтанд орсон. Ямартаа ч өдөржин шөнөжин ном уншихаа болисон юмдаг. Өөрийн дотоод хүнтэйгээ ярилцах тал дээр бясалгал томоохон дэвшил авчирсан. Одоо ингээд бодоход зарим зүйлийг мартахын тулд, зарим амжилтыг бататгахын тулд бясалгалыг би илүү нухацтай чамбай хийх болсон. Нэг ёсны өөртөө оюун бодол эмчлэх эмчилгээ явуулж байна уу гэлтэй. Зарим нэг тал дээр бусдаас өөр болж байгаагаа анзаарч байлаа. Гэхдээ сайн талаараа л даа. Гуравдахь жилдээ би өөрийн биеээс гадна бас нэг өөр биет мэдрэх болсон. Энэ нь надад маш том нээлт том баяр байлаа. Гараа өөрийн биедээ хүргэхгүй хол зайнаас хүрч чаддаг болсон гэх юм уу даа. Ямар ч байсан 2 арьсны дунд нэг юм байгааг анзаарсан бөгөөд энэ нь мэдээж миний биеийн хэсэг байв. Яг энэ үедээ юм даа санаандгүй гэрлийн өргөөнд очсон бясалгалын мастер багштай таарсан. Аурогоо хэмжүүлж үзэхэд бусдаас арай өөр илүү том байсанд олзуурхсан, бас өөрийн тэр нууц бясалгалдаа улам хайртай болж байлаа. Өргөөнийхөө Галт удганаас тэрхүү бясалгалыг сурахаар шавь орсон юм. Шинээр хичээллэх бясалгалыг Рейки гэж хүмүүс ярина. Хамгийн гайхсан зүйл бол арга билиг тэмдэгт "бяргаа" гэж тэмдэг байдаг. Энэ тэмдэг Рейки буюу амьдралын эрч хүч бясалгалд байсан юм. Яг адилхан, хүмүүсийн хурууны хээ, толгойны эргүүлэгт байдаг шиг тэмдэг гэж ойлгож болно. Миний үздэг хүүхэлдэйн кинонд бас энэ тэмдэг байлаа. Ингээд л тасралтгүй бясалгаж эхэлсэн. Рейки гурван шаттай харин би дөнгөж эхний шатыг нь авсан юм. Нэг өдрийн амгалан мянган жаргалын үүд гэдэгчлэн энэ бясалгал надад маш их таалагдаж байсан. Багш өөрөө надад нэг ном бэлэглэсэн тэр номыг нь уншаад, бясалгалаа хийсээр одоо 5 сар болж байна. Гайхалтай гэхээс өөр зүйл орж ирэхгүй байгаа юм. Хүний амьдрал болоод сэтгэхүйг бүрэн өөрчилж чадах тийм л бясалгал байлаа. Одоо би 2-р шатандаа сурахаар шийдсэн байгаа. Магадгүй танд амьдралд чинь нэг удаа болов бясалгаж үзэх санаа төрсөн бол тэр санаагаа услан ургуулж рейкигээр хичээллээд үзнэ үү гэж зөвлөх байна. Үйлийн үрийн түвшинд яригдах энэ бясалгалын цар хүрээ хэмжээлшгүй мэт санагдсан. Миний мэдэрсэн зүйл бол эрүүл бие, эрүүл ухаан, амар амгалан байлаа. Үнэн бол энэ бясалгал хүн бүрт хэрэгтэй. Өөрийн эрхгүй л хайр ундраад байдаг юм даа дотроос. Нууц бясалгал энэ хоёрт би хоёуланд нь талархалтай ханддаг. Учир нь энэ 2 хоёулаа амьд.

No comments:

Post a Comment