Tuesday, April 9, 2013

Өвөөгийн түүх - Миний бахархал-Агуу амьдрал

Миний өвөө 1924 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын 9-р багийн нутаг Хужирбулан гэдэг газар ядуу малчин ард Жамъянгийн 3-р хүү болон төрсөн билээ. Бага залуудаа эцэг эхийнхээ гар дээр хүмүүжиж байгаад 1942 онд сумын төвд төвд, хуучин, шинэ монгол бичиг суран эрдмийн гараагаа эхэлсэн. Өвөөгийн ярьж байснаар бичиг үсэг сурсан хүн их ховор байсан цаг, тэгээд өвөө маань 2 жил нутаг усныхаа багийн засаг дарга хийж байгаад 1944 онд цэргийн албанд татагдаж, хилийн цэргийн Халх голын 24-р отрядын 2-р сумангийн 5-р заставт хилчнээр очсон бөгөөд тухайн оныхоо 11 сард отрядынхаа төвд бага даргын сургуульд сурч онц дүнтэй төгсөн өөрийн алба хааж байсан ангидаа ирэн ахлах цолтой жагсаалын даргаар ажиллаж байгаад 1945 оны чөлөөлөх дайнд оролцож тагнуулын үүрэг гүйцэтгэж явсан юм. Өвөөгийн тагнуулийн групп Өвөр Монголын Манжуур, Барга, баруун, зүүн Сөнөд зэрэг нутгаар тагнах ажиллагаа явуулж гадаадад оргон зайлсан дотоодын цэргүүдийг барьж отряддаа хүргэдэг байж. Тухайн алба хашиж байх хугацаандаа "Онч хилчин" тэмдгээр шагнуулсан гавьяатай юм. 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор хилийн цэргийн 20 хүний бүрэлдэхүүнд багтаж 1000 гаруй км газрыг мориор туулан Мэнэнгйн талд төөрч хэд хоног усгүй амь эрсдэх шахан явж Улаанбаатар хотод ирээд марш тактикийн тэмцээнд морин сургууль буудлага  зэрэг арав гаруй төрлийн тэмцээнд орж өвөөгийн отряд нэгт 1-р байр эзэлсэн бөгөөд манай өвөө өөрийн оролцсон буудлагын тэмцээнд онох ёстой бүх байг онож, 30 оноо аван "Онц буудагч"тэмдгээр шагнуулсан бас нэг бахархалтай. Тухайн жилдээ Японы милитаристуудаас эх орноо хамгаалж явсан гавьяаг нь үнэлж төр засгаас БНМАУ , ЗХУ-ын "Бид ялав" медалиудаар шагнуулсан юм. Ингээд Дотоод Яамны төв сургуульд суралцах хуваарь ирсэнд шалгалтанд орон тэнцсэн цөөн хүмүүсийн тоонд багтан уг сургуульд 3 жил суралцан 1949 онд Дотоод явдлын сайдын тушаалаар дэслэгч цолтой болж, хилийн цэргйн 31-р отрядын Хагнуурын заставын даргаар нэг жил ажиллаад, дараа нь Замын-Үүдийн 12-р отрядын 13-р заставын даргаар ажиллаж байгаад улс эх оронд энх тайван цаг ирсэн гэж үзээд застав нь татан буугджээ. Үүний дараа Үйлдвэрийн яамны харьяанд шилжиж Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уурхайд бригадын даргаар ажиллаж байгаад, 1956 онд анхны жолооны курст төгсөгчдийн эгнээнд багтан жолооч болж Гадаад явдлын яамны баазад томилогдон жолоочоор ажиллаж байгаад 1961 онд эвлэлийн илгээлтээр томилогдон Угтаалын сангийн аж ахуйд гарашийн дарга ажлыг 1972 он хүртэл хийж байгаад, өөрийн хүсэлтээр өөрийн төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд түргэний тэргэний жолоочоор нэг жил ажиллажээ. Өвөө ийм л хүн байсан байгаа юм. Өвөө дайн тулаанд оролцож явсан үеээ, тулалдаануудынхаа талаар их дэлгэрэнгүй ярьдаг байсан боловч тагнуул хийж байсан үеийнхээ тухай бол барагтаа ярьдаггүй байлаа. Ингээд 1973 онд Эрдэнэтийн их бүтээн байгуулалтанд сэтгэл шулуудан ирж, Зөвлөлтийн авто тээврийн байгууллага, Худалдааны газар , 35-р бааз, Уулын баяжуулах үйлдвэр зэрэг анх үүсгэн байгуулахад гар бие орлцож явсан бөгөөд 1984 онд гавьяаныхаа амралтанд гарчээ. Улс орондоо тасралтгүй 50 жил малчин, жолооч, тагнуулч, цэргийн дарга, хилчин, бригадын дарга, багийн засаг дарга зэрэг ажлуудыг нэр төртэй гүйцэтгэж иржээ. Цагаан сараар хотын засаг дарга, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд ирж золгодог байсан. Өвөө минь Эрдэнэт хотын хүндэт иргэн эгэл жирийн агуу хүн байсан юм.
Өвөөгийн эх орон ард түмнийхээ төлөө тэмцэж, ажиллаж байсан хичээл зүтгэлийг үнэлж, БНМАУ, ЗХУ-ын "Бид ялав" медалиуд, Жуковын медаль, Японы милитаристуудыг ялсны 30 жилийн ойн медаль, Зэвсэгт хүчний 50, 60, 70 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд, Монгол улсад тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж явсныг нь үнэлж "Ахмад дайчин" цол тэмдэг, Эрдэнэт хотын илгээлтйин эзэн тэмдэг, Эрдэнэт хотын хүндэт иргэн цол тэмдэгээр шагнажээ. Өвөө минь 2009 оны хавар тэнгэртээ гарсан бөгөөд өвөөгийн амьдралд миний хувьд нэр төр, бахархах бахархал, цаашлаад үр хүүхдэд минь домог болох тийм л агуу түүх билээ. 

No comments:

Post a Comment